Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-14 10:36:07
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон нутгийн цагаар 11:00 цагт монгол хэл, бичгийн шалгалтаар эхлэх бөгөөд тус аймгаас 1302 сурагч шалгалтад орох аж.

Энэ талаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.Зауре: «2016-2017 оны хичээлийн жилд 1600 гаруй сурагч сургуулиа төгсөж байгаа. Үүнээс 1302 хүүхэд ЭЕШ-д орно. Бид улсын шалгалт аваад, боловсролын баримт бичиг олгох ажлыг амжилттай хийж дуусгасан. ЭЕШ-ын бэлтгэл ажил бүрэн хангагдсан байгаа. Нийтдээ 66 хянагч багш, 8 зохион байгуулагч, Боловсролын үнэлгээний төвөөс ирсэн 2 хүн шалгалтыг зохион байгуулж явуулна. Сурагчдад шалгалт өгөх явцад сэтгэл санааны хувьд тайван байх, гар утас ашиглахгүй, нэг нэгэндээ саад бэрхшээл учруулахгүй байхыг зөвлөж байгаа. Хүүхдүүдийг шалгалтад металл илрүүлэгчээр шалгаж оруулах болно. Дүрэм журмаа чанд баримтлан сэдвийг задруулахгүй байх асуудал дээр онцгой анхаарч ажиллаж байна» гэв.

Боловсролын үнэлгээний төвөөс баталсан хуваарийн дагуу сурагчид 15-ны өдөр англи хэл, хими, Монгол улсын түүх, 17-ны өдөр математик, газар зүй, биологи, монгол хэл, 18-ны өдөр нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний шалгалтуудыг тус тус өгнө.
 
Ө.Нурболат
相关新闻