Аялал жуулчлалын зориулалттай 2.05 км автозам барих ажил зогсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-12 12:28:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2.05 км  автозамыг барихаар төлөвлөсөн. Энэ ажлыг түр хугацаатай зогсоохоор болсон байна.

НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран Зайсангийн аяллын замын эхний  3 га  газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулж, Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байв. Гэтэл тус газрыг  5 жилийн хугацаатай ашиглах лицензтэй “Энигма” групп Аялал жуулчлалын замын ажлыг зогсоохоор шүүхэд ханджээ. Нийслэлийн Захиргааны хэргийн 20 дугаар  шүүхээс “Аялал жуулчлалын зам”-ын ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

Дашрамд дурдахад Богд хан ууланд  нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас  хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн   чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд үүнийг дагаж 300-450 автомашин  Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байна. Тус замыг 1975 онд барьсан бөгөөл үүнээс хойш засвар шинэчлэл хийгээгүй  аж.
 Б.Заяа



相关新闻