Ноосыг химийн бодис хэрэглэхгүйгээр угаана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Улаанбаатар хивс үйлдвэр ХХК, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч холбоод хамтран орон нутагт ноосны үйлдвэр байгуулах Засгийн газрын бодлогын хүрээнд ноос угаах үйлдвэр байгуулах төслийг УИХ-ын гишүүн Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр Баянхонгор аймагт хэрэгжүүлж байна.
Ноос угаах үйлдвэр өнөөдрийн байдлаар 1000 мм ажлын өргөнтэй 5 онгоц, ноос угаах тоног автопульс угсарч тоног төхөөрөмжүүдээ суурилуулаад байгаа аж. Тун удахгүй уурын зуух, худаг, ус цэвэршүүлэх байгууламж зэргийг нэмж хийснээр үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна.
Ноосны үйлдвэр ашиглалтад орохдоо эхний ээлжинд орон нутгаас 30 хүнийг ажлын байраар хангах ажиллах ба ноосоо 9 сараас угааж эхэлнэ. Тус үйлдвэр энэ жил 1000 тонн ноос малчдын гар дээрээс энэ жил авч угаахаар төлөвлөжээ.
Тус үйлдвэр угаасан ноосныхоо нэг хэсгийг хивсний үйлдвэр болон Монгол ноос компаниудад нийлүүлж нарийн утас болгон ноосон даавуу хийж, бүх төрлийн хувцас үйлдвэрлэн эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх сүлжээтэйгээр үйл ажиллагаа явуулах юм байна.
Сонирхуулахад, Ноос угаах тус үйлдвэрийн тамга тэмдэг, татвар төлөлт нь орон нутагт харьяалагдаж явах юм байна. Үйлдвэрийнхэн ноосыг угаахдаа эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх ямар нэгэн химийн бодис хэрэглэхгүй бөгөөд гүний худгаас усаа татаж хэрэглэн ноосоо угааж дууссаны дараа бохир усыг тунгаан цэвэршүүлээд бохирын ерөнхий байгууламжид нийлүүлж ажиллах аж.
Б.Мөнхзул