“Хишиг өдөр” арга хэмжээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-07 16:09:35
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Аймгийн Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран "Хишиг өдөр" арга хэмжээг хамтран зохион байгууллаа гэж Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Жанболат мэдээллээ.
Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэн, хуулийн этгээдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулжээ.

Дээрх арга хэмжээнд Өлгий сумын ард иргэдийн төлөөлөл болох 6 хүн оролцсон бөгөөд тэд эргүүлийн цагдаа, мэдээлэл хүлээн авагч цагдаа, эрүүлжүүлэх, баривчлах байрны жижүүр цагдаагийн үүрэг гүйцэтгэж, нэг өдрийн турш ажилласан байна.

Цагдаагийн алба хаагчдын үүргийг гүйцэтгэсэн иргэд тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог, алба хаагчдын ажлын ачаалал, албандаа хандах хандлага, тасаг, хэсгийн уялдаа холбоо, иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар зохих мэдээлэл авснаа илэрхийлж, ард иргэд болон цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн дүгнэж байна. 
Ө.Нурболат
相关新闻