УИХ-ын гишүүн Г.Солтан тойрогтоо ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-06-05 14:50:26
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Солтан амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллан Улаанхус, Цэнгэл, Бугат, Сагсай сумын ард иргэдтэй уулзалт хийж, ард түмний аж амьдралтай танилцаж, санал бодлыг нь сонссон байна. Энэ талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Эрхэм гишүүн уулзалтын үеэр  УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудын  талаар иргэдэд мэдээлэл өгчээ.
Мөн иргэд сонгосон төрийн түшээдээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, боловсрол, эрүүл мэнд, хүн амын хөгжлийн чиглэлээр асуултууд тавьж, тодорхой хариулт авчээ. Жишээлбэл,  Улаанхус сумын иргэд сумын ЭМТ-ийн түргэний машин эвдэрснээс эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай авч чадахгүй байгааг хэлсэн нь газар дээрээ шийдвэрлэгдэж, шинээр машин авахаар болсон байна. Түүнчлэн Цэнгэл сумын иргэд сургуулийн дотуур байрыг шинэчлэх, хүүхдийн цэцэрлэгт тува бүлэг нээх, Бугат сумынхан тус сумын нутаг дэвсгэрт байрлалтай аймгийн төв цэвэрлэх байгууламжийг нүүлгэх, соёлын төвийн барилгад засвар хийлгэх, Сагсай сумын ард иргэд «Даваат» компаний БНХАУ-ын «Өркен-Алтай» компанитай хамтран барьж байгаа цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулах, тариалангийн талбайг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг  тавьжээ.
УИХ-ын гишүүн Г.Солтан иргэдийн тавьсан саналуудыг холбогдох газруудад уламжилж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн ба өнөөдөр Ногооннуур суманд ажиллаж байна. 
Ө.Нурболат
 
相关新闻