Цэргийнхний амьдрах байрыг шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүн хүч шаардлагатай бүтээн байгуулалт, цаг үеийн бүхий л ажилд гол үүргийг гүйцэтгэсээр ирсэн Барилгын цэргийн 339дугаар ангийн алба хаагчдын амьдрах байрыг барих шав тавьлаа.
Алба хаагчдын амьдрах нөхцөл тааруу байдгийг тухайн ангийн захирагч, хурандаа Б.Эрхэмбаяр аймгийн Засаг даргад уламжилж, цэргүүдийн амьдрах байрыг шинэчлэх хүсэлтээ илэрхийлжээ.
Улмаар аймгийн Засаг дарга Г.Батжаргал Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандсанаар тус ажлыг 700 сая төгрөгөөр бариулахаар Батлан Хамгаалах Яамны багцад тусгуулж чаджээ. Төсөв ийнхүү шийдэгдсэнээр Баянхонгор аймагт 200 цэргийн байрлах байр барихаар болж, шав тавих ёслолыг нь өчигдөр буюу шинийн 8-ний билэгт сайн өдөр хийлээ. Б.Мөнхзул