"60 тэрбумын" гэх бичлэгийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр Төрийн ордонд парламентын сонгуулийн үеэр олон нийтэд ил тод болсон 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг хэрхэн хуваарилах тухай нууц бичлэгтэй холбоотой нээлттэй сонсголыг зохион байгууллаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, "УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дараа МАН-ын хууль бус үйл ажиллагааны талаарх бичлэг олон нийтийн хэрэгслээр цацагдсан. Нийт 90 минут бүхий бичлэгийн бүрэн эх манай бүлэгт бий. Бичлэгт МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, намын гишүүн А.Ганбаатар гэх хүмүүсийн хооронд сонгуулиар төрийн эрхийг хууль бусаар авах нууц төлөвлөгөө, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай ярьсан. Тухайн үед МАН-ын удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан “Энэхүү бичлэг нь эвлүүлэг болох нь тогтоогдсон” хэмээн олон нийтэд мэдээлсэн.
МАН-ын удирдлагын цөөхөн хүний дунд ярьсан энэхүү төлөвлөгөө нь гэмт хэргийн шинжтэй. Тэр дундаа Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээний асуудлыг дагуулж байна. Тиймээс Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу нөхцөл байдлыг хуулийн хүрээнд хянуулж, шалгуулах хэрэгтэй. Мөн хууль бус үйл ажиллагаанд холбоотой байж болзошгүй гадаадын компаниудын асуудлыг холбогдох Элчин сайдын яамаар дамжуулан тухайн улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзсэн.
Хуулиар сонгуультай холбоотой төлөвлөгөөг хэлэлцэж, ярилцахыг хориглоогүй. Гэхдээ төрийн эрхийг хууль бусаар авах энэхүү төлөвлөгөө нь Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчиж байгаа нь илэрхий байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд 27 жилийг үдэхдээ ийм бусармаг байдалтай Үндсэн хуулийг зөрчсөн, ард нийтийн сонгуулийг санаатайгаар луйврын аргаар буюу мафын сүлжээ маягаар зохион байгуулалттайгаар хийсэн түүх байхгүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Бичлэгийг хийж олон нийтэд ил болгосон залуугийн амь нас, гэр бүлийн аюулгүй байдал хүнд нөхцөлд орсон гэх мэдээлэл бидэнд ирсэн. АН болон иргэний нийгэм, иргэдээс хамгаалал хүсч байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна.
Эрүүгийн тухай хуульд төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдвал 16-20 жил хорих ял шийтгэнэ гэж маш тодорхой заасан. Мөн гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай яриа энэ бичлэгт орсон. Иргэдийн фэйсбүүк, мэдээллийн хэрэгсэл рүү орж иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлах тухай МАН-ын удирдлагууд ярилцсан. Энэ нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд 3 хүртэлх жилийн хугацаанд хорих ял шийтгэх хуулийн заалт бий. Иргэнийг үзэл бодлоор нь мөрдөн мөшгөхийг хуулиар хориглодог. Гэтэл энэ мэдээллийг ил болгосон залууг ТЕГ, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газарт хэрэг үүсгэн өдөр бүр дарамталж буй мэдээлэл бидэнд ирж байгаа” гэлээ.
Ингээд дээрх хэлэлцүүлгээс 90 минутын бичлэгтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар дахин шалгуулахаар тогтов.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ