Хос тэжээлт машинаас авсан татварыг буцаан олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-31 15:26:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. 

Хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд хөдөлгүүрийн багтаамж,  үйлдвэрлэсэн оноос хамаарч тавдугаар сарын нэгнээс онцгой албан татвар ногдуулж буй. Тодруулбал, хуулийн хүрээнд онцгой албан татвар төлдөггүй байсан дээрх автомашинд хуулийн дагуу 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдохоор болсон.

Уг шийдвэрийг иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэж байгаа тул автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох, мөн түүнчлэн татвараа төлсөн иргэдийн татварыг буцаан олгохоор хуулийн төслийг боловсруулжээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд хэлэлцүүлгийн шатанд, "Нэг удаагийн хөнгөлөлт чөлөөлөлт үү эсвэл байнга хэрэгжих шийдвэр үү. Манай улс Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан атал яагаад анхнаасаа татвар нэмэв" гэсэн асуудлыг тодруулахад Сангийн дэд сайд Х.Булгантуяа, "Одоогийн хуулиар хөнгөлөлтийг байнга чөлөөлөхөөр оруулж өгсөн" гэсэн хариултыг өгч байв.

Хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжлээ.
 
Б.Туул
相关新闻