Монгол Улс 186 улстай дипломат харилцаа тогтоон, олон улсын 58 байгууллагатай хамтран ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-30 18:44:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамнаас өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, яамныхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлав.

Өдөрлөгийг нээж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ, “Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхэт ёсыг улс төр, дипломат арга замаар хангах үндсэн чиг үүрэгтэй, 1911 оноос түүхэн эхлэлтэй, мятрашгүй эх оронч чин ван Ханддоржийн суурийг нь тавьсан Гадаад харилцааны яам өнөөдөр төв аппаратдаа 142 ажилтан, албан хаагчтай. Дэлхийн 36 оронд 45 дипломат төлөөлөгчийн газраар хаяагаа тэлсэн том айл болжээ. Монгол Улс өнөөдөр 186 улстай дипломат харилцаа тогтоон, олон улсын олон талт 58 байгууллагад гишүүнээр элсчээ. Мөн дэлхийн дахинаа бүрэн эрхт хүлээн зөвшөөрөгдсөн хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй нэгэн гишүүн болоод байна” хэмээн онцоллоо.

Тэрбээр цааш нь, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, худалдааны нөхцлийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа 140 мянган монгол иргэддээ төрийн үйлчилгээг хүргэх, тэдний ажил амьдралд тус дэм болоход Засгийн газар, Гадаад харилцааны яам ажлынхаа нэг гол чиглэл болгон ажиллаж байна. Өнөөдөр ГХЯ-ны 13 алба хэлтэс, Монгол Улсад суугаа 18 Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар асраа засч, ажлаа танилцуулахад бэлэн болоод байна” гээд өдөрлөгийн үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.


 
Мануэл Микаллер: АНУ руу зорчих иргэд зөв мэдээлэлд тулгуурлаж визээ мэдүүлэх хэрэгтэй

Өдөрлөгт Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд идэвхтэй оролцож, тус тусын асраар өөрсдийн үйл ажиллагаагаа зорьж ирсэн иргэдэд танилцуулж байлаа. Энэ үеэр АНУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Мануэл Микаллертэй уулзаж, өдөрлөгт хэрхэн бэлтгэж иргэдэд ямар мэдээлэл өгч байгаа болон визтэй холбоотой асуудлаар ярилцлаа.

-Тус өдөрлөгт танай ЭСЯ хэрхэн бэлтгэв, иргэдэд ямар мэдээллийг өгч байна. Бас тэд юуг сонирхож лавлаж байна вэ?

-Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж байгаа Нээлттэй хаалганы өдөрлөгт урилгаар оролцож байгаа нь нэр хүндийн хэрэг болж байна. Бүх оролцож байгаа ДТГ-ууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү өдөрлөг нь цаг хугацааны хувьд маш тохиромжтой үед болж байна. Учир нь энэхүү үйл ажиллагаа АНУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Бид асартаа хоёр улсын хооронд ойрын хугацаанд эдийн засаг, соёл урлагийн чиглэлээр хэрэгжүүлсэн зарим ажлуудын талаарх тайлан материалуудыг авчирсан. Манай ЭСЯ соёл урлаг чиглэлээр олон ажлыг зохион байгуулдаг. Энэ чиглэл рүүгээ бид түлхүү анхаарч ажиллаж байна.

-Монголчууд визний асуудлыг нэлээн асууж тодруулж байх шиг байна. Ер нь өмнөх жилтэй харьцуулахад виз мэдүүлж байгаа хүний тоо хэд байна вэ?

-Яг одоогоор тодорхой тоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд АНУ руу аялах иргэдийн тоо нэмэгдсэн. Иймд манай ЭСЯ-ны пэйсбүүк хуудас болон вэбсайтад зочилж шаардлагатай мэдээллээ аваарай хэмээн зөвлөх байна. Үүний зэрэгцээ Консулын хэлтэс нь Гадаад харилцааны яамтай хамтарч АНУ руу хэрхэн аялах тухайд зурагт, радиогоор мэдээлэл өгч байгаа. Учир нь АНУ руу монголчуудыг илүү олноор аялаасай, солилцооны хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцдог байгаасай гэх үүднээс аль болох мэдээллээ өргөн хүрээнд өгч ажиллаж байна.

-Манай улсын залуучуудыг дэмжсэн хөтөлбөрүүдийг ЭСЯ-наас хэрэгжүүлдэг. Манай залуус хэр идэвхтэй оролцдог вэ?

-Гучин жилийн хугацаанд соёл боловсролын хөтөлбөрүүд маш амжилттай хэрэгжиж ирсэн. Тэдгээрээс хамгийн урт хугацаанд хэрэгжиж байгаа хөтөлбөр бол Фульбрайт хөтөлбөр юм. Саяхнаас Залуу манлайлагчдын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн ахлах сургуулийн сурагчдад зориулсан хөтөлбөр хэрэгжиж байна. Соёл, боловсролын хөтөлбөр бол маш урт хугацааны түүхтэй, цаашдаа ч бид өргөн хүрээнд хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Манай иргэдийн дунд “Хар тамга даруулсан бол нэг жилдээ дахин Элчингийн ярилцлагад орж болохгүй” гэсэн яриа байдаг. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Ер нь виз мэдүүлж байгаа иргэд анхнаасаа үнэн зөв мэдээллийг дэлгэрэнгүй хэлбэрээр авч байх хэрэгтэй. Түүний тулд манай ЭСЯ-ны вэбсайт болон Консулын хэлтэст хандаж болно.



 



Ж.Батчимэг: Нийт паспортыг чипжүүлэх ажлыг хийнэ

Өдөрлөгийн хүрээнд Гадаад харилцааны түүхийг дэлгэж харуулсан архивын фото зургийн үзэсгэлэн, зарим сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн харуулсан байв. Үүн дотроо үе үеийн дипломат паспортыг шилэн хоргонд хийж харуулсан байсан бөгөөд энэ талаар тус яамны Төв архивын мэргэжилтэн Ж.Батчимэгээс мэдээлэл хүссэн юм. Тэрбээр, “Манай улсын дипломат паспортын үүсэл хөгжил нь Чингисийн гэрэгээс эхлэлтэй гэж үздэг. Цаасан хувиар хэвлэгдсэн гэвэл 1924 оноос эхтэй.

Хэмжээний хувьд А4 цаасны хэмжээтэй. Хөгжлийн явцад хэд хэдэн удаа шинэчлэгдсэн. Одоогоор бол энгийн паспорт нь улаан, албан паспорт нь ногоон, дипломат паспорт цэнхэр гадартай байдаг. Энгийн паспортыг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас олгодог бол нөгөө хоёрыг нь Консулын газраас олгодог. Сүүлийн үед гурван төрлийн паспортаа чипжүүлэхээр болж, бэлтгэл ажлыг хангаж байна. Өөрөөр хэлбэл, аль ч хэл дээр уншуулахад паспортын мэдээлэл гарч ирдэг болно гэсэн үг. 







Өдөрлөгийн хүрээнд оролцогч бүх байгууллагууд иргэдийн асууж сонирхсон асуултад тодорхой хариултуудыг өгч байсны зэрэгцээ зарим ном товхимолуудыг тараав. Мөн үндэсний хоолоор үйлчилсэний зэрэгцээ гар урлал, гоёл чимэглэл, уран дархны бүтээлүүдийг зарж борлуулж байлаа. Иргэдийн оролцоо энэ үеэр өндөр байсан ба залуучуудын хувьд тэтгэлэгт хөтөлбөр, визний асуудлыг илүүтэй сонирхож байсан юм. 

 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻