Үндсэн чиглэлд хууль зүйн салбарын 10 гаруй шинэтгэлийн ажил тусчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг тогтоолын төслийн Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлын талаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Тэрбээр "Хууль, эрх зүйн салбарын хүрээнд шинэтгэлийн арав гаруй ажил хийхээр тусгасан. Тухайлбал, Архивын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, төрийн архивуудад хадгалагдаж буй баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, мэдээллийн сан бүрдүүлэх; Гэрч, хохирогчийг хамгаалах, нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг сайжруулах; Шүүхээр шийдвэрлүүлж буй хэрэг, маргаан болон хүн амын төвлөрлийг харгалзан шийдвэр гүйцэтгэх чадавхийг бэхжүүлэх; Ялтныг ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлэх; Мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх; Иргэний болон хуулийн этгээдийн архивын цаасан баримтыг цахимжуулах; Хилийн заставуудын цахилгаан, дулаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр шинэчлэх; Шүүхийн шинжилгээний чанарыг дээшлүүлж, шинжилгээний бүртгэл, мэдээлэл, лавлагааны нэгдсэн тогтолцоо бий болгох; Орчин үеийн эрүүл ахуйн стандартад нийцсэн Шүүх эмнэлгийн байрыг шинээр байгуулах; Төрийн байгууллагуудаас гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээг цахимжуулах зэрэг ажлууд тусгагдсан" гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууснаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд бодлогын ямар томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөсөн, мөн хууль зүйн салбарт ажиллаж буй албан хаагчдын ёс зүй, сахилга батыг дээшлүүлэхэд ямар ажил төлөвлөж байгаа талаар тодруулав. С.Бямбацогт сайд үүнд "Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлын хүрээнд нэн тэргүүнд бүтцэд өөрчлөлт оруулж, тус албаны хүмүүсийн тоог нэмэгдүүлэн ажилласнаар тодорхой ахиц, дэвшил гарч байгаа. Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан төдийгүй цаашид Хар тамхитай тэмцэх тухай хуулийг УИХ-аар батлуулахаар ажиллаж байна" гэв.
Ингээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах “Бодлого, зорилт, арга хэмжээнүүд”-ийг олонхийн саналаар дэмжлээ.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ