Манай өсвөрийн хөлбөмбөгчид ур чадвараа ахиулах боломж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-30 08:15:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгт дуртай авьяаслаг Монгол хүүхдүүдээс Ф.Пушкашийн академид дахин сонгон шалгаруулалтаар тэнцэн орно гэдэгт МХБХ-ны багш, дасгалжуулагчид итгэлтэй байна.

Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит хүүхдийн хөлбөмбөгийн академийн хоёр дахь жилийн сонгон шалгаруулалт өнгөрсөн бямба гарагт болов. Энэ удаад Пушкаш академийн техник, скаутын мэргэжилтэн Дойжэ, гадаад харилцааны захирал Балаш нар ирж, сонгон шалгаруулалтыг 55 хүүхдийн дунд явуулжээ.



Тус шалгаруулалтад Төв, Сүхбаатар, Дархан, Орхон аймгийн хүүхдүүд оролцсон нь өмнөх жил явуулсан шалгаруулалтаас онцлог байв. Сонгон шалгаруулалтын хариу хараахан гараагүй ч Пушкаш академид дахин Монгол хүүхэд суралцана гэдгийг МХБХ-ноос мэдээлж байна.



Өнгөрсөн жил анх удаа Пушкаш академид суралцах эрхийг Г.Ганбаяр, Д.Тэмүүлэн, О.Хантэнгэр, Б.Амгаланбат нарын авьяаслаг хүүхдүүд авсан. Өнөөдөр тэдний гурав нь эх орондоо өөр өөрийн клубт тоглож байна. Харин Г.Ганбаяр Пушкашийн академийн багтай хамт дэлхийд алдартай “Suzuki cup” тэмцээнд оролцохоор үлдсэн юм.

Д.Өлзий
相关新闻