Баян-Өндөр уулыг орон нутгийн хамгаалалтад авах журмыг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-28 07:19:48
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Баян-Өндөр уулыг орон нутгийн хамгаалалтад авах журмыг шинэчлэх, хамгаалалт хариуцдаг нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг хянахаар боллоо. Учир нь Баян-Өндөр уулын 3200 га талбайн 1702 га нь Орхон аймагт,  үлдсэн нь Булган аймгийн Бугат суманд харьяалагддаг. 1998 онд Орхон аймаг Баян-Өндөр уулыг  орон нутгийн тусгай хамгаалалтад авахдаа бүхэлд нь буюу Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрийг хамруулсан байжээ.
Иймд үүнийг цэгцлэх шаардлага гарсанаас гадна байгаль орчны болон тусгай хамгаалалттай газар нутаг, ашигт малтмалын ордуудын мэдээллийн сан шинэчлэгдсэн нь Баян-Өндөр уулыг орон нутгийн хамгаалалтад шинэчлэн авах шалтгаан болсон талаар БОАЖГ-ын мэргэжилтэн ярьлаа. Ингэхдээ Баян-Өндөр уулын тусгай хамгаалалттай холбоотой мөрдөгддөг хоёр журмыг нэгтгэх шаардлагатай гэж үзжээ.
1998 онд хийсэн судалгаагаар Баян-Өндөр ууланд шувууны 24 зүйл, хөхтөн амьтны 21 зүйл, шавьжийн 132 зүйл амьдарч байсан бол 2014 онд хөхтөн амьтад болон шавьжийн зүйлийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан байна.  Өнөөдрийн байдлаар уг  ууланд 46 овгийн 78 төрөлд хамаарах 147 зүйлийн ургамал ургадаг гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ.  Баян-Өндөр уулыг хамгаалах ажлыг дөрвөн нөхөрлөл  хариуцдаг. Дээрх нөхөрлөлүүд  булгийн эхийг хамгаалах, тодорхой талбайг ойжуулах зэрэг олон ажлыг гүйцэтгэдэг. Мөн хоёр нөхөрлөл нь хамгаалдаг газар нутагтаа амралт, сувилал ажиллуулдаг байна. 
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻