Гандантэгчинлэн хийд орчмыг аялал жуулчлалын загвар хороолол болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд дүүргүүдэд ажиллах хуваарийн дагуу Баянгол дүүрэгт ажиллаж байна. Энэ үеэр Баянгол дүүрэгт хэрэгжиж буй "Гандан Хүрээ гудамж" төслийг танилцуулах арга хэмжээнд оролцсон юм.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.
Гандантэгчинлэн хийдийн хувьд Улаанбаатар хотын төв хэсэгт байрладаг бөгөөд ард иргэдийн шашин соёл оюун ухааны төв бүс юм. Иймээс Гандантэгчинлэн хийд орчмын бүсэд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний цогц жишиг бүхий гудамжийг бүтээн байгуулахаар болсон. Тус төсөл хэрэгжсэнээр бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна хэмээн албаны хүмүүс хэлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Гандангийн бүс нутаг бол Улаанбаатар хотын хамгийн онцлог газруудын нэг. Нийслэлийн Засаг дарга болсноосоо хойш миний бие Гандан орчмыг хэрхэн яаж ая тухтай болгох вэ, хэрхэн Монголын соёлын өвийг хадгалсан аялал жуулчлалын төв болгох вэ гэдэг тал дээр анхаарлаа хандуулж ирсэн. Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ гудамж маань Улаанбаатар хотын шашин, соёлын өвийг хадгалсан аялал жуулчлалын төв болон өргөжих юм. Энэ ажлыг эхлүүлэхэд оршин суугчид болон газар зохион байгуулалтын ажилд хүндрэлтэй тал бий. Учир нь Гандан орчмын газар нь их үнэтэй газарт тооцогддог тул хувийн компаниуд худалдан авч Нийслэлд өндөр үнээр зарах сонирхолтой байдаг. Харин оршин суугч иргэдийн хувьд сайхан орчинд амьдрах хүсэлтэй. Тиймээс бид иргэдийн санаачилгад тулгуурлаж, тэдний амьдрах орчинг сайжруулах, аялал жуулчлалын бүсийн давуу талыг ашиглаж иргэдээ орлоготой болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна" хэмээлээ.
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ "Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар жилдээ 400 мянга гаруй жуулчид ирдэг гэсэн судалгаа гарсан. Эдгээр жуулчдын маань хамгийн их очих дуртай газрын нэг нь Гандантэгчинлэн хийд юм. Бид энэхүү судалгаанд үндэслээд аялал жуулчлалын гудамжийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус аялал жуулчлалын бүс нь газар зүйн хувьд Бөмбөгөр худалдааны төвөөс Модны хоёр хүртэл үргэлжлэх бөгөөд 2018-2019 онд бүрэн ашиглалтад орно. Ийнхүү аялал жуулчлалын бүстэй болсноор иргэдэд тодорхой хэмжээний орлого олох боломж бүрдэнэ.
Газар чөлөөлөхтэй холбоотойгоор асуудлууд гарах ч жишиг гудамж нь өөрөө иргэдэд итгэл болох юм. Гандангийн газар чөлөөлсөн иргэдэд Нийслэлийн зүгээс түр оршин суух байрыг гаргаж өгөөд явж байна. 68 айл тус төсөлд хамрагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 25 айл түр оршин суух байрандаа нүүж орсон.
Төсөл хэрэгжиж дууссаны дараа иргэд маань тухайн газарт нь баригдсан байранд орно гэсэн үг юм.
"Гандан Хүрээ гудамж" төсөл нь уламжлалт түүхэн дүр төрх, өв уламжлалыг хадгалсан 1,9 га талбай бүхий 4 давхар 1500-1700 м.кв үйлчилгээ орон сууцны барилга дурсгал шашны эртний эдлэлийн дэлгүүр, лааны тосон музей, хүрээ соёлыг харуулсан уламжлалт монгол хоолны газар зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар хорооллыг хуучны уламжлалт хэв маягийг шинэ орчин үеийн хэв шинжтэй хослуулан хэрэгжүүлэхээр болжээ.