Л.Мессид оноосон хорих ял хэвээрээ байгаа гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАДРИД. /BBC/. Өнгөрсөн онд Испанийн “Барселона” баг, Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Мессид 21 сарын хугацаагаар шоронд хорих ял оноогоод байсныг Испанийн Дээд шүүх баталсан боловч тэрбээр шоронд суухгүй бололтой.
Л.Месси болон түүний санхүүг барьж байсан эцгийг нь 2016 онд 4.1 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэргээр шийтгэсэн юм.
Эцэг Жорж Мессигийн шоронд хоригдох хугацааг татварын зарим хэсгийг төлсөн гэх үндэслэлээр хөнгөрүүлээд байгаа юм. Испанид хоёр жилээс доош хугацааны хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольдог. Одоо анхны ялыг оноосон Барселоны шүүхэд хэргийг буцаах аж.
Оны шилдэг хөлбөмбөгчнөөр таван удаа шалгарч байсан Л.Месси хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдэгдэж байгаа бөгөөд 2016 оны 6 дугаар сард шүүхэд мэдүүлэхдээ “Би зөвхөн хөлбөмбөгтөө л санаа тавьж байна” гэжээ. Харин шүүх “их орлого олдог хүн олсон орлогондоо татвар төлөх ёстойг мэдэхгүй байна гэдэг бол байж боломгүй зүйл” гэж мэдэгдсэн байна.
Эцэг хүү хоёрыг 2007-2009 оны хооронд Белиз болон Уругвай улсын татварын таатай нөхцлийг ашиглан гурван удаа луйвар хийсэн гэж буруутган тэдэнд өндөр торгууль тавьж байжээ. Тэднийг Л. Мессигийн нэр төрийг ашиглан Испанийн татвараас зайлсхийж хуурамч компаниуд байгуулсан гэж буруутгасан байна.
Татварын байгууллагад өнөөдрийг хүртэл төлсөн мөнгөний хэмжээг нь харгалзан үзсэний үндсэн дээр Жорж Мессид оноосон хорих ялын хугацааг Дээд шүүх 21 сараас 15 сар болгож хөнгөрүүлсэн аж.
Х.Сарнай
.