Ариана Гранде аялан тоглолтоо цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-05-25 15:02:56
НЬЮ-ЙОРК. /VOA/. Английн Манчестер хотод хийсэн тоглолтынх нь дараа олон хүний аминд хүрсэн дэлбэрэлт болсонтой холбоотойгоор Америкийн поп дуучин Ариана Гранде “Аюултай эмэгтэй” аялал тоглолтоо цуцаллаа.

А.Гранде өнөөдөр болон маргааш Лондон хотод, ирэх сарын 5-ныг хүртэлх хугацаанд Бельги, Польш, Герман болон Швейцарьт хийхээр төлөвлөсөн тоглолтуудаа цуцлах шийдвэрийг өчигдөр гаргасан байна.

Тоглолтын тасалбарыг худалдаж авсан хүмүүст мөнгийг нь буцааж олгоно гэж дуучин бүсгүйн менежерүүд мэдэгдэв.

Энэ долоо хоногийн даваа гарагт Манчестерын цэнгэлдэх хүрээлэнд А.Гранде тоглолт хийсэн юм. Түүний тоглолтын дараа амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 22 хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн шархадсан билээ. Тэрбээр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн тоглолтоо цуцалсан байна.

А.Гранде зургадугаар сарын 7-ноос аялан тоглолтоо үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тэрбээр эхлээд Парист, дараа нь Европын хэд хэдэн хот болон Латин Америкийн улс орнуудаар аялан тоглохоор төлөвлөж байна.

Дуучин бүсгүй одоо Флорида муж улсын Бока-Ратон хот дахь гэртээ байгаа аж. Манчестерын дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн дунд найман настай охин байсан билээ. Тэрбээр твиттер хуудсандаа “энэ дэлбэрэлт намайг үнэхээр цочирдууллаа. Надад хэлэх үг алга” гэж бичжээ.
 
 
 Г.Доржханд



相关新闻