Параглайдингийн спортоор Х.Ариунбат хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз улсад уулын орой дээрээс далавч хэлбэртэй шүхрээр агаарт хөөрөх буюу параглайдингийн олон улсын тэмцээний Цэг онох төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Хадхүүгийн Ариунбат хүрэл медаль хүртлээ.
Энэхүү амжилт нь Монголын параглайдингийн спортын түүхэнд багийн анхны олон улсын медальтан болж байгаа гэдгээрээ онцлогтой.

Тус тэмцээнд 28 орны 74 тамирчин оролцсон бөгөөд манай улсаас гурван тамирчин өрсөлдсөн. “Монгол параглайдинг” клубын нисэгч Х.Ариунбат параглайдингаар 2005 оноос хичээллэж УАШТ-ийн алт, мөнгөн медальтай тамирчин юм. Параглайдингийн олон улсын тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид энэ сарын 18-нд эх орондоо ирэх аж.
Д.Өлзий