Таван сарын өмнө ашиглалтад орсон барилгын чанар муу байгааг шүүмжиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-15 09:35:58
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/  Өнгөрсөн нэгдүгээр сард  IV бичил хороололд ашиглалтад орсон Өрхийн Эрүүл мэндийн төвийн барилгатай холбоотой гомдол иргэд болон эмч нараас их иржээ. Үүний дагуу  аймгийн Засаг дарга Д.Батлут газар дээр нь очиж танилцлаа. Архийн Эрүүл мэндийн төвийн барилгын агааржуулалтын хоолой болон дээврийн зарим хэсгээр нь ус гоожсон, гадна хэсгийн цементэн хучилт чанаргүйн дээр гэрэлтүүлгийн шон хэзээ мөдгүй унахад бэлэн байсан юм. Түүнчлэн гаражийн хаалгыг ганцхан удаа нээхэд, эргээд хаагдахаа больсноос гадна зарим өрөөний цонх цуурч хагарсчээ. Тус байранд ажиллаж буй “Анхны оч” ӨЭМТ-ийн ахлагч М.Дулмаагийн хэлж байгаагаар өрөө тасалгаа, бие засах газрын талбай холбогдох стандартад зааснаас хэд дахин бага гэнэ.
Уг байранд 1, 4, 5-р хорооллын иргэдэд үйлчлэх Өрхийн эмнэлгүүд  үйл ажиллагаа явуулж 20 мянган хүнд анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм. Тус барилгын ажилд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд гүйцэтгэгчээр “Сэхүүн чоно” ХХК ажилласан байна. Тус компани ажлаа 2016 оны 6-р сард эхэлсэн. Явцын хяналт тавьсан Хот байгуулалт барилга захиалагчийн албаны Хяналтын инженер Б.Болдбаатар ярихдаа “Санхүүжилт нь саатсанаас шалтгаалаад өнгөрсөн оны 10-р сард ашиглалтад орох байсан барилга энэ оны 1 дүгээр сард ашиглалтад орсон. Яах аргагүй өвлийн улиралд хийгдсэн ажил болохоор гаднах бетон зэрэгт хөлдөлт үүссэн. Улсын комисс хүлээж авахдаа бид эдгээр ажлыг дулааны улиралд дахиж хийнэ гэсэн протокол үйлдэж тэмдэглэсэн” гэсэн юм.
Аймгийн Засаг дарга Д.Батлут нөхцөл байдалтай танилцаад “Сэхүүн чоно” ХХК-ийн удирдлагуудыг бизнес хийж байгаа ч ажилдаа сэтгэлтэй хандах хэрэгтэйг хэллээ. Мөн ийм нөхцөл байдалтай барилгыг хүлээж авсан Улсын комиссын гишүүд ажлаа хийж чадаагүй бол хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн юм. Тиймээс холбогдох бүх байгууллагуудад тус байрны засварыг яаралтай хийж асуудлыг шийдвэрлэхийг даалгалаа. Хэрэв заасан хугацаанд цэгцлэхгүй бол холбогдох бүх хүнд хариуцлагаа тооцно гэж санууллаа.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻