АТГ-ын ажлын хэсэг “МИАТ” компанид ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-12 16:42:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг “МИАТ” компанид өчигдөр буюу энэ сарын 11-нээс эхлэн ажиллаж байна.

Тус Ажлын хэсэг УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг сурталчлах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх юм. Мөн авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, салбарын эрх зүйн орчин, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх аж.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Цэцэгдэлгэрэх болон гишүүдийн зүгээс “МИАТ” компанийн захирал Т.Тамир, Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатар, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Н.Гантулга, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Дөлгөөн нартай уулзаж тус байгууллага дээр ажиллах ажлын зорилго, чиглэлийг танилцуулсан байна.

Ч.Ариунболд
相关新闻