35 байршилд “Чөлөөт цагийн талбай" байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-10 09:30:27
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөнд “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал туссан. Үүний дагуу Засаг дарга захирамж гаргаж дээрх дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд  тус ажлын хэсэг төслөө танилцууллаа.
Ажлын хэсгээс хийсэн судалгаагаар хотын хэмжээнд 23 багийн 40 гаруй байршилд чөлөөт цагийн талбай байгуулах шаардлагатай гэж дүгнэсэн байна. Тиймээс “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар 35 байршилд ийм талбай байгуулахаар төлөвлөжээ. Үүний 16 нь гэр хороололд, 9 нь орон сууцны хороололд, 10 нь сургуулиудын хичээлийн байрны гадна байгуулагдах юм. Уг хөтөлбөр нь 2020 хүртэл хэрэгжих бөгөөд нийтдээ 2.5 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан төсөөлөл гарчээ. Засаг даргын зөвлөлийн гишүүдээс хөтөлбөрийн хүрээнд бий болсон болон одоо ашиглагдаж буй амралт, чөлөөт цагийн талбайг эзэнжүүлэхэд холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулахыг санууллаа. Мөн шинээр байгуулах амралт чөлөөт цагийн талбайн хиймэл зүлэг, сагсны шид, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, талбайн чанарт онцгой анхаарч барьж байгуулах үеийн хяналтыг сайн тавих хэрэгтэйг хэлсэн юм.
Ийнхүү “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийн төсөл Засаг даргын зөвлөлөөр дэмжигдэж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэгдэхээр боллоо.
Дашрамд дурдахад, 2012-2016 онд орон сууцны хорооллын байр хооронд болон гэр хороололд амралт чөлөөт цагийн иж бүрэн 23 талбайг шинээр хийж 4 талбайг сэргээн засварласан байна. Мөн гурван сургуулийн гаднах биеийн тамирын талбайг тохижуулсан байна. Дээрх ажилд нийтдээ 1.7 тэрбум гаруй төгрөг зарцуулсан аж. 
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻