Хадгаламж, даатгал хоёрын ялгааг иргэдэд ойлгуулах хэрэгтэйг зөвлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын салбарын чадавхийг бэхжүүлэх техник хамтын ажиллагааны “Шинрай” төслийг хэрэгжүүлэгч Япон улсын "Жайка" олон улсын байгууллагын төлөөлөгчид өнөөдөр Төв аймгийн 27 сумын нийгмийн даатгалын ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулав.
Төслийн хүрээнд аймгийн 27 сумын нийгмийн даатгалын 50 гаруй ажилтнуудын төрийн үйлчилгээний мэдлэг, соёлыг дээшлүүлэх үүднээс “Төрийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.
“Жайка” олон улсын байгууллагын ахлах зөвлөх Ямашита төрийн албан хаагчийн иргэдтэй харилцаж үйлчилгээний соёлоо дээшлүүлэх талаар сонирхолтой зөвлөгөө, зөвлөмжүүдийг өгсөн юм. Тэрээр цааш нь үргэлжлүүлэн "иргэдэд хадгаламж, даатгал хоёрын ялгаа болон нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулан дундаж давхаргын тоог нэмэгдүүлэх ач холбогдлын талаар ойлголт өгөх хэрэгтэй" гэдгийг зөвлөлөө.
Дашрамд дурдахад, "Жайка" олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа "Шинрай" төсөл Төв аймагт дөрвөн жилийн хугацаатай хэрэгжинэ.
Т.Есүхэйтөмөр