Х.Баттулга: Монголын эрх ашиг, Монгол хүний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэх дээд хүч
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын Их хурлын үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулсан Х.Баттулга намынхаа нийт гишүүдэд хандаж үг хэллээ.
Тэрбээр, “Ардчилсан нам өөрчлөгдөх, шинэчлэгдэх явц эргэлт буцалтгүй эрчээ авч өдрөөс өдөрт бодлогын нам, гишүүдээ сонсдог, гишүүдээ оролцуулдаг, олонхийн шийдэлтэй нам болж байгаа нь Монголын улс төрийн тавцан дахь давуу тал гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.
Монголчууд, Монгол Улс түүхэн эргэлтийн цаг үе дээр ирээд байна. Төрийн бүх шатны удирдлага, засаглал намын хараа хяналтанд орж, ард түмний эрх ашиг хөсөрдөж эдийн засаг царцанги байдалд орж байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы индэр дээрээс монгол хүн бүр тунгаан бодох ёстой үгийг хэллээ. УИХ-аар хэлэлцэж байгаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд гадаадын банк Монголд орж ирэн орд газар, баялагтай нь "барьцаалах" нөхцлийг хангах заалт орсон байна. Томоохон хэмжээний зээл авсан иргэд, аж ахуйн нэгж зээлээ төлж чадахгүй тохиолдолд барьцаалсан лицензүүдийг хурааж, улмаар цааш дамжуулан зарж, Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдах аюул тулгараад байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүдэд сануулсан. Би түүнтэй санал нэг байна.
Бид Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хадгалах уу, алдах уу гэдэг зарчмын сонголтын өмнө тулж иржээ. Би хятадын түүх, соёл, уламжлал, ард түмнийх нь ажилч хичээнгүй, хөдөлмөрч чанарыг хүндэлдэг. Гэхдээ бизнес эрхэлж байсан хүний хувьд аливаа худалдаа, эдийн засгийн харилцаа хоёр талдаа хоёуланд нь ашигтай тусч байж, урт удаан тогтвортой хамтын ажиллагаа, итгэлцэл бий болдгийг хатуу ойлгосон. Монголтой урт хугацааны, итгэлцэл төгс хамтын ажиллагаа явуулах нь тун энгийн. Монголоос дан ганц түүхий эд бус бэлэн бүтээгдэхүүн худалдаж ав, монгол хүнийг ажилтай байлгахад тусла. Ердөө л энэ. Үүнийг ойлгож, энэ нөхцлийг хангах хэнтэй ч болов монголчууд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нь дэмжихэд бэлэн байдаг. Би үүнийг бодит хэрэг болгохын төлөө Ерөнхийлөгчид нэр дэвшинэ.
Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм. Монгол газар шороон дээр монгол хүн цээж дүүрэн амьсгалж, толгой өндөр, элбэг хангалуун амьдарч, ажиллах тэр цагийг наашлуулахын төлөө би чадах бүхнээ хийх гэж улс төрд орсон. Бид хамт ялна. Хамтын хүч ямагт амжилтанд хүргэдгийг миний туршлага нотлоно. Мөнгө бүх зүйлийг шийддэггүйг миний сэтгэл мэднэ. Хариуцлага, сахилга бат бол ялалтын зам мөр мөн. Би бурууд хатуу, зөвд зөөлөн байж, эх орон ард түмнийхээ төлөө хариуцлагыг тооцсон шиг тооцдог, гавъяаг шагнасан шиг шагнадаг, сахилга батыг чанд сахиж, хуулийг мөрдлөг болгодог Ерөнхийлөгч байхыг хичээх болно” гэлээ.
Ч.Ариунболд