Сурагчдын ДАШТ-д тэргүүлсэн шатарчид эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Румын улсын Яаси хотноо дөрөвдүгээр сарын 21-30-нд зохион байгуулсан сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай хөвгүүд, охид гурван алт, мөнгө, нэг хүрэл нийт долоон медальтай тэргүүн байр эзэлжээ.
Манай баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Тус тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид хөвгүүд, охидын 12 насны ангилалд 36 медалийн төлөө өрсөлдсөн байна. Монголын шатарчид тэргүүлсэн бол Узбекстан, Турк, Румын, Молдавын багууд удаах байруудад орсон юм. Эх орноо төлөөлөн оролцсон манай шатарчдаас охидын 7 нас хүртэлх ангилалд Д.Цэлмүүн, 9 нас хүртэлх нээлттэй ангилалд Э.Азжаргал, 11 нас хүртэлх ангилалд Д.Мөнхзул нар тус тус алтан медаль хүртэж, сурагчдын дэлхийн аварга цолны эзэд болжээ.
Мөн11 нас хүртлэх ангилалд Б.Марал, 13 нас хүртэлх нээлттэй төрөлд Д.Батсүрэн, 15 хүртэлх насны эмэгтэй төрөлд О.Өлзийхишигжаргал нар тус тус мөнгөн медаль хүртжээ. Харин 13 хүртэлх насны эмэгтэй төрөлд Б.Алтантуяа хүрэл медалийн эзэн болов.
Энэ дашрамд, Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан монгол охид, хөвгүүдийг танилцуулж байна. 2008 онд Сингапур улс ФИДЕ мастер Б.Ану "Мөнгө", 2010 онд Турк улс Их мастер А.Энхтуул "Алт", 2011 онд Польш улс ФИДЕ мастер Т.Мөнхзул "Мөнгө", 2012 онд Румын улс Дэд мастер Г.Маралгуа "Хүрэл", мастер Э.Баасансүрэн "Алт", мастер Ц.Лхагвасүрэн "Алт", Х.Баясгалан "Хүрэл" /Блиц/, 2013 онд Грек улс ФИДЕ дэд мастер Е.Төгстөмөр "Алт", мастер Ц.Лхагвасүрэн "Мөнгө", 2014 онд Бразил улс ФИДЕ дэд мастер Б.Энхсаран "Мөнгө", дэд мастер Л.Очирбат "Мөнгө", 2015 онд Тайланд улс ФИДЕ дэд мастер Д.Өнөрзул "Хүрэл", дэд мастер Э.Азжаргал "Хүрэл", дэд мастер Д.Мөнхзул "Мөнгө”, дэд мастер Б.Энхсаран "Хүрэл", мастер Г.Амартүвшин "Алт", дэд мастер Э.Азжаргал "Мөнгө" /Блиц/, дэд мастер Ц.Тэнгис "Хүрэл" /Блиц/, 2016 онд ОХУ ФИДЕ дэд мастер Н.Содбилэгт "Алт", 2017 онд Румын улс Фиде мастер Д.Батсүрэн "Алт" /Блиц/, Дэд мастер Д.Хонгорзул "Алт" /Блиц/, Д.Цэлмүүн /7 нас/ "Алт", Э.Азжаргал /9 нас/ "Алт", Д.Мөнхзул /11 нас/ "Алт", Б.Марал "Мөнгө", Д.Батсүрэн /13 нас/ "Мөнгө", О.Өлзийхишигжаргал /15 нас/ "Мөнгө", Б.Алтантуяа /13 нас/ "Хүрэл" медаль тус тус хүртээд байна.
Д.Өлзий