Жакарта дахь ЭСЯ сонгуульд санал өгөх иргэдийг бүртгэж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2017-05-05 12:57:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа манай улсын иргэд ирэх 6 дугаар сарын 10-11-нд Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцож, саналаа өгнө.

Тус ЭСЯ гэхэд сонгуульд оролцож, саналаа өгөх иргэдийг бүртгэж эхэлсэн байна. Тодруулбал, сонгогчдын бүртгэлийг энэ сарын 1-20-ны өдрийг дуусталх хугацаанд бямба, ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд хийж байгаа аж. Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу энэ оны 6 дугаар сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх юм.

Жакарта дахь ЭСЯ-нд ирж саналаа өгөх иргэд эхний ээлжинд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягтыг бөглөн баталгаажуулж, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлэх эсвэл цахим шуудангаар илгээх гэнэ.

Саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэд санал авах өдрүүдэд ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч очих ёстой гэж тус ЭСЯ-наас мэдээллээ.

Б.Туул
相关新闻