Шатрын ОУИМ-ууд зуны эрчимжүүлсэн сургалт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-05 10:13:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын их мастер /ОУИМ/ А.Энхтуулын санаачилсан шатрын зуны эрчимжүүлсэн гурван сарын сургалт "Зууны шатар" клубын байранд тавдугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-нд болно.

Оюуны их спортоор дамжуулан эх орноо тив, дэлхийд сурталчилах, оюунлаг хүүхэд залуучуудыг бэлтгэх зорилготой, шатрын бэлтгэлийг системтэй хийх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх юм. Мөн шатрын спортыг бие даан суралцах, зөв төлөвших чадварт сургах энэхүү сургалт нь хүүхэд залуус, шатар сонирхогч хэн бүхэнд нээлттэй бөгөөд хамгийн тохилог, олон улсын стандартад нийцсэн нөхцөлд болно.
Гадны улс орнуудад ОУИМ цолтой тамирчдаар шатар заалгах боломж маш ховор байдаг. Харин энэхүү сургалтыг олон улсын мастеруудын бүрэлдэхүүнтэй, манай хамгийн шилдэг шатарчдын баг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулна гэдгээрээ онцлогтой.

Сургалтын дасгалжуулагчаар ОУИМ А.Энхтуул, зөвлөх багшаар гавьяат дасгалжуулагч, ОУМ П.Жигжидсүрэн, зөвлөх дасгалжуулагч, лектороор гавьяат тамирчин, ОУИМ Б.Мөнгөнтуул, ОУИМ Б.Гүндаваа, Ц.Батчулуун, ОУМ Г.Мөнхгал, ОУШХ-ны мастер С.Ган-Од, туслах дасгалжуулагчаар спортын мастер А.Баярсайхан, сэтгэлзүйчээр ОХУ-ын Москва хотноо МВД сургуулийг амжилттай төгссөн Б.Анхтуул, нийгмийн ажилтан, сурагчдыг хариуцсан багшаар У.Отгонсүрэн нар ажиллах юм.

Монголын шатрын спортоос төрсөн Монгол Улсын анхны гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн нь манай улсын найман Их мастерын дөрвийнх нь багш юм. Дасгалжуулагч А.Энхтуул нь ОХУ-ын Москва хотын их сургуульд шатрын онолч, ОУИМ Игорь Глекийн удирдлагад суралцсан, АНЭУ-ын Спортын яамны хэрэгжүүлэгч агентлаг Ал-Айн хотын шатрын төв клубт ерөнхий дасгалжуулагчаар ажилласан туршлагатай.

Шатрын энгийн бэлтгэлээс эрс ялгаатай энэ сургалт шахуу хуваарьтай үргэлжлэх ч зохион байгуулагчид маш сонирхолтой үйл ажиллагааг хөтөлбөртөө тусгаад байна. Мөн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг хүүхдийг тэтэгэлэгт хамруулснаар сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлж, олон хүүхдэд хөнгөлөлт үзүүлэх юм.

Д.Өлзий
 
相关新闻