Уул уурхайн баялгийн мөнгийг дотоодын банкаар дамжуулахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-04 20:08:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын энэ оны 29 дүгээр тогтоолын дэд заалтыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулж дээрх 29 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолд гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулж улсын валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн дэд заалтыг тусгасан байна.

Энэхүү заалт нь ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа учраас Сангийн сайд тогтоолын энэ заалтыг хүчингүй болгох хүсэлтийг Төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэлцэж буй асуудлаар АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлэхэд байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар улс орны эдийн засаг амаргүй байна. Бид цаг хугацаа алдах эрхгүй, иймээс 30 минутын завсарлага өгч байна гэлээ.

Чуулганы хуралдаан 19 цагаас үргэлжлэн хуралдаж үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ асуудлаар танай манай гэх асуудал байхгүй. Гол нь гаднаас хараат бус байх бодлого барьж ажиллах ёстой, гадагш нь түүхий эдээ үнэгүй өгөөд оронд нь зээл аваад байж таарахгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Ингээд гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа тогтоолын төслөөр санал хураалгахад хуралдаанд оролцсон 55 гишүүний 36 нь буюу 65.5 хувь нь дэмжлээ.

Б.Туул
相关新闻