29 дүгээр сургуулийн сургалтын орчныг нэн даруй сайжруулахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-05-04 16:00:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог 29 дүгээр сургуулийн сурагчдын сурч боловсрох эрх нь зөрчигдөж байааг эцэг эхчүүдийн төлөөлөл мэдэгдлээ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр тэд, “Бидний хүүхдийн чанартай боловсрол эзэмшихэд тулгамдаж буй мэргэжлийн дохионы хэлтэй багшлах боловсон хүчин, сургалтын арга зүй, стандарт хөтөлбөр, багш сурагчдын үнэлгээний журмыг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна" гэв.

Мөн “Сурах чадваргүй хүүхэд гэж байхгүй”, “Сонсголын бэрхшээлтэй хүүхэд сэтгэцийн өвчтэй хүүхэд биш, “Суурь боловсрол эзэмшээд төгсөхдөө уншиж бичиж чадахгүй төгсөж байгаа нь эмгэнэл юм”, “Дохионы хэлээр сурч боловсрох эрхийг хуулиндаа заасан ч энэ талаарх журмыг яаралтай батлах шаардлагатай”, “Эцэг эхчүүдэд нь дохионы хэл заах систем бий болгох хэрэгцээ байна”, “Сурах бичиг ном хангалтгүй”, “Сонсголгүй хүүхдэд боловсрол олгох арга зүй ,бодлого, журам, стандарт гэж алга” гэдгийг хэлж байв.

Тиймээс тэд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын системийг өөрчилж, багш боловсон хүчин бэлтгэхийг БСШУСЯ-наас шаардаж буй юм. Түүнчлэн сургуулийн багш нарын дохионы хэлний ур чадварыг системтэйгээр сайжруулж, дохионы болон бичгийн хэлээр боловсрол олгох, 29 дүгээр сургуулийн сургалтын орчинг нэн даруй сайжруулах хэрэгтэй хэмээв.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻