Төрийн албан хаагчийн тоог нийт хүн амтай харьцуулан тогтоох санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-04 15:48:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар  Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцууллаа. Сонгууль бүрийн дараа төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдал алдагдаж, залгамж чанаргүй, хариуцлагагүй байдал үргэлжилсээр ирсэн гэдгийг дурьдсан юм.

Тэрбээр, “Төрийн хариуцлагатай удирдах албан тушаалд хуулийн шаардлага хангаагүй иргэн тохиолдлоор томилогдож, мэдлэг, туршлага, ур чадвартай мэргэшсэн албан хаагчдын шатлан дэвших боломжийг хангаж чадахгүйд хүрч байгаа. Энэ бүх алдаа дутагдлыг залруулах үүднээс хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөл нь нийт 6 зүйлтэй. Мөн холбогдох 8 хуульд өөрчлөлт оруулахаар боловсрууллаа” гэв.

Ерөнхийлөгчийн боловсруулсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй нэгтгэх хэрэгтэй гэсэн саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо гаргасан байна. Уг саналыг Х.Бадельхан, Ё.Баатарбилэг, Н.Энхболд нарын гишүүд дэмжиж буйгаа илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга, “Агентлагийн дарга нарыг Төрийн албан хаагч гэж үздэг. Гэтэл сонгууль бүрийн дара улс төрийн нөлөөллөөр сольдог. Тиймээс агентлагийн дарга нарыг улс төрийн албан хаагч болгох хэрэгтэй. Харин доод албан тушаалтнуудыг тогтвортой ажиллуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь чухал” гэлээ.

Монгол Улсын гурван сая хүн амд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх шаардлагатай байгааг Д.Сарангэрэл гишүүн онцлоод, “Дэлхий нийтэд төрийн албан хаагчийн тоог нийт хүн амтайгаа харьцуулан гаргадаг жишиг байдаг. Дунджаар төрийн албан хаагч нь нийт хүн амынхаа 7-8 хувьтай тэнцэж байна. Харин Монгол Улсад 20 хувьтай байгаа. Тиймээс энэ жишгийг Монголын хөрсөн дээр буулгах асуудлыг судлах хэрэгтэй” гэсэн санал хэлэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь дэмжлээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн боловсруулсан болон УИХ-ын гишүүдийн боловсруулсан хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсэг байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Ч.Ариунболд
相关新闻