“Новости Монголии” сонин 75 жилийн ойгоо тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-05-03 13:55:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орос хэлээр эрхлэн гаргадаг “Новости Монголии” сонин 75 нас хүрлээ.

Тус сонины ойг тохиолдуулан өнөөдөр агентлагийн Мэдээллийн төвд уулзалт зохион байгуулав. Уулзалтад ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Игорь Николаевич Аржаев, хэвлэлийн төлөөлгч Панкова Ксения Юрьевна, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар  хүрэлцэн ирэв.


Уулзалтыг нээж МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ Б.Ганчимэг хэлэхдээ, “Монгол, Орос хоёр орны найрамдалт харилцаа маш олон жилийн түүхтэй. Энэхүү уламжлалт харилцаа цаг үеийн өөрчлөлтөд ч сарниагүй өдийг хүрсэн. “Новости Монголии” сонин бол энэ харилцааны бэлгэ тэмдэг. Оросод хайртай, орос хэлээр ярьдаг хүмүүсийн унших дуртай тус сонины 75 жилийн ойд хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгч та бүхэнд талархал илэрхийлье. Бид хоёр орны харилцаанд хувь нэмэр оруулах, сониныхоо чанар чансааг улам сайжруулахаар хичээн ажиллаж байна” гэв.

ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Игорь Николаевич Аржаев, "Миний хувьд “Новости Монголии” сониныг эхнээс нь дуустал уншдаг идэвхтэй уншигчийн нэг. Монгол хэл сурахыг хичээсэн боловч маш хэцүү байсан учраас түүний оронд өвропын хоёр хэл сурах нь илүү дээр юм шиг санагдсан.
Танай сонин мэдээллийн гол эх үүсвэр, Оросын хамтарсан байгууллагууд бүгд л захиалан уншдаг. Сонин гаргана гэдэг мэдлэг, чадвараас гадна ёс суртахууны өндөр хариуцлага шаарддаг. Гэвч сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийг буруу үйлд зэвсэг болгон ашиглаж байна. Дэлхийн хэмжээний зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хов жив, үнэн бодит бус мэдээлэл нийтэлж буй нь харамсалтай.
Харин “Новости Монголии” сониноос сөрөг мэдээлэл уншиж байгаагүй. Сонины мэдээлэл нь агуулга сайтай, сонирхолтой, олон талын сэдэв хамарч, үйл явдлыг үнэн бодитоор мэдээлдэг. Та бүхэн цаашид мэргэжлийн болоод ёс суртахууны өндөр хариуцлагаа алдахгүй ажиллахыг хүсье” гэв.




“Новости Монголии” сонин нь “Үнэн” нэртэйгээр 1942 оны 5 дугаар сарын 1-ний өдөр МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн төв хэвлэл “Үнэн” сонины дэргэд байгуулагдан гарч эхэлсэн түүхтэй. Тус сонины анхны эрхлэгчээр монголын нэрт эрдэмтэн, зохиолч, Төрийн шагналт, академич, профессор Бямбын Ринчин ажиллаж байв.

Монгол орныг гадаадад сурталчлах үйлсэд “Новости Монголии” сонины гүйцэтгэсэн үүрэг нэн их юм. Энэхүү хүндэт үүргээ нэр төртэй биелүүлсэн гэж үнэлэгдэн 1972 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар “Алтан гадас” одонгооор шагнагдсан билээ. 

Дашрамд дурдахад, тус сонины редакцид Монголын тухайн үеийн нийгмийн шилдэг сэхээтнүүд болох гарамгай сэтгүүлч, нэрт орчуулагч, гадаад харилцааны мэргэжилтнүүд, дипломатууд ажиллаж байв.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻