Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмж дагахыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Иргэд, малчид, тээвэрчид мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа “Анхааруулах” мэдээллийг дагаж мөрдөхийг аймгийн Онцгой байдлын албанаас анхааруулж байна.
Төв аймгийн УЦУОША-аас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтэрнэ. Иймд малчид малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хүчтэй салхи, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөж байна.
Түүнчлэн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, авто зам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гарч болзошгүй учраас хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Дашрамд дурдахад, Тав хоногийн цаг агаарын урьдчилсан байдлаар дөрвөнд Төв аймгийн нутгийн баруун хэсгээр, таванд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 4-5-нд ихэнх нутгаар 12-14 м/с, түр зуур 18-20 м/с хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд шөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр 4-9 хэмийн хүйтэн, өдөртөө 5-10 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэмийн хүйтэн,өдөртөө 10-15 хэмийн дулаан байна гэж Төв аймгийн УЦУОША-аас мэдээлэв.
Т.Есүхэйтөмөр