Монголын газар нутгийг судлах, экологи, түлш эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-05-02 17:18:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНХАУ-ын ШУА хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд боллоо.

Санамж бичигт Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд хоёр тал биотехнологи, нүүрсний хими ба технологи, байгаль орчин ба цөлжилтийн судалгаа, материал судлал, цөмийн физик, палеобиологийн судалгаа, суурин газрын бохирдлын судалгааны чиглэлээр хамтран ажиллах юм.

ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлэхдээ, “Энэ санамж бичгийг БНХАУ-ын шинжлэх ухаан, технологийн амжилт дэлхийг гайхуулж буй үе болон Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд байгуулж буйгаараа онцлогтой. БНХАУ-ын шинжлэх ухаан, техникийн боломжийг ашиглаад Монголын судлаачид Хятадын тэргүүлэх эрдэмтэдтэй хамтран Монголын газар нутгийг судлах, экологи, түлш эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд хариулт өгөх юм. Санамж бичгийн үргэлжлэх хугацааг хэлэхэд эрт байна. Өмнөх санамж бичиг байгуулснаас хойших 18 жилийн хугацаанд нэлээн амжилт олсон. 2019 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой гэхэд эхний үр дүн гарах болов уу. Өнгөрсөн хугацаанд хоёр орны эрдэмтдийн хувьд туршлага бий болсон. Үүндээ үндэслээд илүү хурдтай ажиллана. Хамтын ажлын томоохон төслийг санхүүжүүлэхэд БНХАУ-ын талаас санхүүжилтийн бэрхшээлгүй гэдгийг БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч хэлж байгаа. Өнөөдөр бид Монгол Улсын  Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзахад санхүүгийн болон зохион байгуулалтын бүх талын дэмжлэг үзүүлнэ гэсэн. Засгийн эрх барьж буй МАН-ын мөрийн хөтөлбөрт 2020 он гэхэд Монгол Улсын шинжлэх ухаан технологийн  арга хэмжээний зардлыг тав дахин нэмнэ гэсэн төлөвлөгөө бий. Энэ бүхэн тал талаасаа нийлж бодитой ажил болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хоёр орон БНМАУ-ын ШУА, Хятадын ШУА хоорондын шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай 1991 оны зургадугаар сарын 29-ний өдөр баталгаажуулсан хэлэлцээр болон Монгол Улсын ШУА, Хятадын ШУА-тай 1991, 1999 байгуулсан Хамтын ажиллагааны Санамж бичиг, протоколуудын хүрээнд хамтран ажиллаж байгаа юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻