М.Оюунчимэг: Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх асуудал яригдахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-30 16:25:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх Анхдугаар зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Зөвлөлдөх санал асуулгын явцын талаар УИХ-ын гишүүн, Анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн Хэвлэл мэдээлэл хариуцсан дэд ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Анхдугаар зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын өнцөг булан бүрээс нийгмийн бүх давхаргыг төлөөлөх 670 иргэн ирээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх, оруулбал ямар асуудалд нь илүү анхаарах талаар байр сууриа илэрхийлж байна. Төлөөлөгчөөр ирсэн иргэд маш идэвхтэй сайн байна. Монгол Улсын улс төр, эдийн засаг нийгмийн үйл явцыг зөв гольдрилд нь оруулах, улс оронд эерэг нөлөө үзүүлэх чухал арга хэмжээ хэмээн асуудалд хандаж байна.
 
Хоёр өдрийн хуралдааны дараа нийт оролцогчдоос тус тусад нь санал бодлыг нь бичгээр авна. Бичиг үсэг тааруу цөөн тооны хүн бий. Тэдний өөрийнх нь хэлснээр, хөндлөнгийн хяналттайгаар нэг хүн саналыг нь бичнэ. Бичгээр өгсөн саналын хуудсыг Статистикийн хорооны мэргэжилтнүүд авна. Энэ бүх үйл явцыг давхар дүрс бичлэгээр баримтжуулна.
 
Хурааж авсан саналын хуудсаа Зөвлөлдөх зөвлөлийн ажлын хэсгийнхэнд хүлээлгэж өгнө. Зөвлөлийн найман гишүүн иргэдийн санал бодолтой нэг бүрчлэн уншиж танилцаад дүгнэлт гаргаж, 6 хоногийн дотор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулах юм. Маш ил тод, шударгаар энэ үйл явц үргэлжилж байгаа" гэлээ.

Мэдээллийн дараа "Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх хэмжээний асуудал хэлэлцэх асуудалд оруулсан байна гэх хүн байна. Хэлэлцэх асуудал Үндсэн хуулийн 30 хувийн өөрчлөлтөд багтаж байгаа юу" гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр, "Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх тухай анхнаасаа огт яриагүй. Үндсэн хуульд оруулсан “дордуулсан 7 өөрчлөлт”-ийг засах хэмжээний өөрчлөлт юм. Энэ хүрээнд зургаан зүйлийн 13 өөрчлөлтийг оруулахаар хоёр өдөр зөвлөлдөж байна" гэсэн тайлбарыг өгөв.
Б.Туул
 
 
 
相关新闻