Төрийн албыг бэхжүүлэхэд шатлан дэвших зарчмыг баримтална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-30 15:45:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх санал асуулга “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” нь сэдвийн дор хэлэлцүүлэг болов.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат үндсэн сэдвийн хүрээнд танилцуулгыг хийсэн юм. 
 
Төрийн албан хаагчдын тоо 2001 оноос хойш аажмаар өссөөр өнгөрсөн оны нэгдүгээр сар гэхэд нийт 186 458 болсон байна. Өөрөөр хэлбэл 4 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын нийт тоо 23 689-аар нэмэгдсэн аж.
 
Төрийн албыг тогтвортой, улс төрөөс хараат бус болгохын тулд 2008 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж улс төрчдөөс бусад бүх төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосон. Гэвч төрийн албан тушаалд томилох, халахдаа улс төрийн намын харьяаллыг харгалзан шийдвэрлэсэн асуудалтай холбоотой  гомдол захиргааны хэргийн шүүхэд ихээр ирдэг. Түүнчлэн албаны тоон үзүүлэлтээс харахад сонгуулийн дараа халаа сэлгээ хийх нь их байна. Энэ нь төрийн алба улс төрөөт хараат байсаар байгааг харуулж байна гэж үзсэн тул дээрх сэдвийг хэлэлцэхээр болсон байна.
 
Энэхүү доголдлыг засахын тулд Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус, Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох ёстой гэсэн санал гарчээ. Энэхүү өөрчлөлтийн эерэг талыг дурдвал, Төрийн албаны зөвлөлийн эрх зүйн байдлыг Үндсэн хуульд заах нь энэ байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангах,  улс төрийн зорилгоор төрийн албыг тогтворгүй болгох явдлыг зогсоох, төрийн албан хаагчдын ур чадвар дээшилж, тэднээс гарч буй ажлын бүтээмж, гүйцэтгэл сайжирна. Түүнчлэн төрийн албан хаагчдын баталгаа бодитоор хангагдана. Харин сөрөг талыг дурдвал, Төрийн албаны зөвлөлийн тухай заалтыг Үндсэн хуульд оруулснаар эерэг үр дүн гарах нь одоогоор баттай биш, түүний хараат бус байдал хангагдах баталгаа байхгүй, салбар хууль тогтоомжоор зохицуулахад хангалттай гэж үзэж болох гэнэ.
 
Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлж болох талтай. Тус өөрчлөлтийн эерэг талыг дурдвал, Төрийн албыг мэдлэг чадвартай хүн хүчнээр бэхжүүлснээр төрийн албан хаагчдын ажлын чанар, бүтээмж, улмаар төрийн албаны үр ашиг, үр нөлөө дээшилэх, төрийн алба тогтворжих, шатлан дэвших /мерит/ зарчим жинхэнэ утгаар хэрэгжих сайн талтай. Харин сөрөг тал нь энэ асуудлыг заавал Үндсэн хуульд тусгах нь ач холбогдолгүй, салбар хууль тогтоомжоор зохицуулахад хангалттай гэж үзэж болох юм.
 
Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглох заалт Монгол Улсын Үндсэн хуульд нэмж оруулах өөрчлөлтийн эерэг тал нь төрийн алба тогтворжих, шатлан дэвших /мерит/ зарчим жинхэнэ утгаар хэрэгжих, төрийн байгууллагад төрийн албан хаагчид намаар талцаж, албан тушаал дэвшихийн тулд зүй бус нөлөөлөл үзүүлэх зэрэг нь багасна. Харин сөрөг тал нь сонгуульд ялалт байгуулсан нам өөрийн намын гишүүдийн хүчээр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ. Түүнчлэн энэ асуудлыг заавал Үндсэн хуульд тусгах нь ач холбогдолгүй, салбар хууль тогтоомжоор зохицуулахад хангалттай хэмээн танилцуулгад дурдагджээ.
Б.Туул
 

相关新闻