Хоёр багшийг ажлаас халснаас хүүхдүүд хохирч байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-04-26 13:30:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн ордон /МХО/-ы хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хүүхдүүдийн эрх зөрчигдөж буй талаар өнөөдөр эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийв.

Тодруулбал, МХО-ны бүжгийн дугуйлангийн хоёр багшийг өнгөрсөн сарын 23-нд ажлаас нь халжээ. Үүнээс болж 213 хүүхдийн эрх ашиг хохирч буйд эцэг эхчүүд өргөх бичиг барьж Б.Цэнгэлмаа захиралтай уулзахад хүүхдүүд болон өөрийн ажилчдын өмнө уучлалт гуйн, эргүүлэн ажилд авахаа мэдэгджээ. Гэвч тухайн хоёр багшийг энэ сарын 03-нд буцаан ажилд нь аваад нэг хоногийн дараа өөрийн гаргасан шийдвэрээ цуцалж дахин халсан байна. Хоёр багшаа ажлаас халснаас дугуйланд хичээллэдэг хүүхдүүдийн сурах идэвх буурсан, суралцах сонирхолгүй болж байна. Мөн ирэх сард хүүхдүүдийн бүтэн жил сурсан мэдсэнээ, тайлагнах тоглолтод оролцох боломжгүй болж байгааг ч хэлж байв.

Одоогоор МХО-ны бүжгийн дугуйланд хичээллэдэг 213 хүүхдийн 50 хувь нь дугуйландаа явж байгаа бөгөөд үлдсэн хүүхдүүд нь шинэ багш нараа эсэргүүцэн хуучин багшаараа заалгахыг шаардаж буй аж.

Эцэг эхийн төлөөлөл, МХО-ны бүжгийн дугуйлангийн багш Б.Хулан, концертмейстер Ц.Оюунчимэг нар нь мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүүхдүүдтэй ажиллах нарийн ур чадвартайгаас гадна шавь нар нь оролцсон уралдаан тэмцээн бүрээс медальтай ирдэг нь хэр ажиллаж байсныг гэрчилнэ.Чадварлаг багш нарыг халсан нь хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл боллоо.Тиймээс энэ хоёр багшийн асуудлыг нааштай шийдэж өгөхийг хүсч буйгаа илэрхийлж байна гэв.

Эцэг эхчүүдийн зүгээс Б.Цэнгэлмаа захиралтай удаа дараа уулзах гэсэн боловч эмнэлэгээр явж байна гээд нэг ч удаа уулзаагүй. Бид Нийслэлийн захиргааны байгууллагуудад бичиг хүргүүлсэн ч ямар ч хариу ирэхгүй байна хэмээн хэлж байв.
Ж.Болор
相关新闻