Бодол санааны хүчээр компьютерыг удирдах аргыг боловсруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2017-04-21 08:36:08
НЬЮ-ЙОРК./TASS/. Ямар нэгэн төхөөрөмж хэрэглэхгүйгээр зөвхөн бодол санааны хүчээр компьютерыг ажиллуулах аргыг Америкийн Facebook корпораци боловсруулж байна. Энэ чиглэлд судалгаа явуулж буй тус корпорацийн Building 8 гэдэг хэлтсийн дарга Регина Дуган энэ тухай мэдэгджээ.

Тэрбээр АНУ-ын Сан-Хосе хотод тус корпорациас зохион байгуулсан F8 хэмээх бага хурлын үеэр хэлэхдээ “хүний биед ямар нэгэн элемент суулгахгүйгээр минутанд 100 үгийг оюун бодлын хүчээр бичиж чадах системийг  ойрын ирээдүйдбий болгох нь манай компанийн зорилго юм” гэлээ. Тодруулбал, тусгай мэдрэгчүүдийн тусламжтайгаар дуугүй сууж буй хүний тархин дахь хэл ярианы төвийн үйл ажиллагааны төвийн идэвхжлийг ажиглан судлах боломжийг хайж байгаа аж. “Жишээ нь та олон гэрэл зураг авлаа гэхэд бүгдийг нь байршуулдаггүй. Үүнтэй нэгэн адилаар танд асар олон санаа бодол бий, гэтэл та эдгээрээс цөөхөн хэдийг нь л бусадтай хуваалцдаг шүү дээ” гэж Р.Дуган тайлбарласан байна.

Тэрбээр бага хуралд илтгэл тавих үеэрээ, хөдлөх чадваргүй болсон нэгэн эмэгтэй тусгай суулгацын тусламжтайгаар, бодол санааны хүчээ ашиглан юм бичиж байгааг үзүүлжээ. Энэ систем нь одоохондоо минутанд 8 үг бичих боломжтой байгаа аж.

Түүнээс гадна, сонсголын бэрхшээлтэй хүнд дуу авиаг сонсох боломж олгох технологийг Facebook-ийн мэргэжилтнүүд боловсруулж байгаа гэнэ. Тодруулан тайлбарлавал, дуу авиа болон бусад дохиог чичирхийлэлд оруулсныг дүлий хүнд арьсаар нь дамжуулан мэдрүүлэх аргыг бий болгохоор ажиллаж байгаа юм.

Регина Дуган өмнө нь  “Google” компанийн ирээдүйтэй технологиудыг боловсруулах үйл ажиллагаа эрхэлсэн хэлтэст ажиллаж байжээ. Үүнээс өмнө тэрбээр Пентагоны ирээдүйтэй судалгааны хөтөлбөрийн газрын захирлаар ажиллаж байсан гэнэ. Тус газрын хуримтлуулсан туршлагыг Building 8-ыг байгуулахад ашиглажээ. Одоо тус хэлтэст 60 хүн ажиллаж байгаа бөгөөд тэд өмнө нь томоохон технологийн компаниудад ажиллаж байсан аж.

Өнгөрсөн онд болсон F8 бага хурлын үеэр Марк Цукерберг үг хэлэхдээ, Building 8 хэлтсийг байгуулсан гэдгийг дурдсан боловч чухам юу хийдгийг нууцалсан юм. Зөвхөн хиймэл оюун ухаан, виртуаль бодит байдал зэрэг чиглэлд судалгаа хийж байгаа гэдгийг л ерөнхийд нь дурджээ.

Building 8-ыг Фейсбүүк компанийн “нууц хэлтэс” гэж салбарын хэвлэлүүд нэрлэдэг байна.

Х.Сарнай 
相关新闻