БНЧУ-ын Парламентийн төлөөлөгчид Орхон аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-20 15:01:52
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн хатагтай Зузка Бэбарова Руюброва, тус улсаас манай улсад суух Элчин сайд Ивана Гроллов  тэргүүтэй  албаны хүмүүс Орхон аймагт ажиллаж байна.
Төлөөлөгчдийг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Манай Эрдэнэт үйлдвэрийн шавыг Чех Улсын геологичид тавьсан. Манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжсөн гэж дүгнэдэг. Эрдэнэт хот Бүгд Найрамдах Чех Улстай бүх талаар харилцан ашигтай байдлаар хамтран ажиллахад бэлэн байна. Энэ онд манай хот Чех Улстай хамтран мах боловсруулах үйлдвэр байгуулахаар эхний шатны хэлэлцээр хийж байна” гэсэн юм.
Тус улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн хатагтай Зузка Бэбарова Руюброва Эрдэнэт хот Чех Улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчидтай хамран ажиллах нөхцөл, боломж бүх талаар нээлттэй гэдгийг онцлон хэллээ.
Уулзалтын дараа төлөөлөгчид Чех улсын хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Евро эко төгөл” хороололтой танилцлаа. Уг хорооллыг барьж байгуулахад орон нутгийн засаг захиргаа болон гүйцэтгэгч компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу газар, инженерийн шугам сүлжээний зардлыг төрөөс 100 хувь шийдвэрлэсэн. Компани орон сууц барьж борлуулахаас гадна нийгмийн байгууламж буй 1200 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг барих ёстой. Гэвч “Евро эко төгөл” хорооллыг барьж буй “FINEP”компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг Засаг дарга хэлж байлаа. Харин төслийн удирдлагууд ипотекийн зээл олголт зогссоноор борлуулалт багасч дараагийн хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсон нь гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байгаа гол шалтгаан гэсэн тайлбар өгч байв.
“Евро эко төгөл” хороолол төслийн хүрээнд 270 айлын 6 блок орон сууц ашиглалтад ороод байна. 2020 он хүртэл  1324 айлын орон сууц барихаар төлөвлөсөн юм.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻