Зураач Н.Санчирын 70 насны ойд зориулсан үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-04-14 18:51:31
 
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУЭ-ийн гишүүн, зураач Н.Санчирын бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Монголын урчуудын эвлэлийн хорооны “Арт” галерейд боллоо.

Тэрбээр Төрийн шагналт, Ардын зураач, УДБЭТ-ын анхны дарга Л.Намхайцэрэнгийн хүү бөгөөд удам дамжсан уран бүтээлч билээ. Түүний 70 насны ойд зориулсан энэхүү үзэсгэлэнд амьд мэт хөрөг зургууд, гүн бодрол төрүүлэхүйц содон шинэлэг 100 гаруй бүтээлийг дэлгэжээ. Тухайлбал, “Соёмбо”, “Баатар эр”, “Эмээл дээрээ босоо”, “Хүрээ зураач”, “Д.Намдаг”, “Пүрэвсүхийн дурсгалд”, “Тайрдас”, “Нүүр” зэрэг бүтээлийг уран зургийн урсгал, уламжлалт монгол уран зургаар өөрийгөө хязгаарлахгүйгээр өөртөө өндөр итгэлтэйгээр олон тооны дүрслэх урлагийн нарийн ялгаа, хувилбарыг өөрийн өвөрмөц гоо сайхны илэрхийллээр тусгажээ.

Түүний хөрөг зургуудаас гоо зүйн ер бусын онцгой шинж, харилцан бие сэтгэлээ ойлгох чанар, хүний сэтгэл зүйг олж харах боломжтой.

Тэрээр бие даасан үзэсгэлэнгээ өмнө нь АНУ, БНСУ, Чех, Герман зэрэг улсад толилуулж байсан бол Улаанбаатар хотноо ийнхүү дөрөв дэх удаагаа дэлгэж буй нь энэ юм.

Үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл олны хүртээл болно.
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻