СЕХ-ны чадамж нэмэгдэх тусам ардчиллын үйл явц эерэг хандлагатай болж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-13 22:51:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий хороо (СЕХ) үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна.

1992 оны дөрөвдүгээр сарын 10-нд Улсын бага хурлаас 15 хүний бүрэлдэхүүнтэй СЕХ байгуулах тухай 18 тоот тогтоол баталсан байна. Тогтоолын дагуу 1992 оны энэ өдөр СЕХ албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, даргаар С.Лхагвасүрэн, нарийн бичгийн даргаар Д.Баяндүүрэн нар ажиллаж байв. Өнгөрсөн хугацаанд СЕХ УИХ, орон нутгийн сонгууль долоо, Ерөнхийлөгчийн сонгууль зургаан удаа зохион байгуулсан байна. Энэ оны зургадугаар сард долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн ойд зориулсан бага хурлын үеэр онцлов.

Тэрбээр, “2012 оноос хойш СЕХ сонгуулийг автоматжуулсан системеер зохион байгуулах болсон. Одоогоор УИХ-ын хоёр, Ерөнхийлөгчийн нэг сонгуулийг автоматжуулсан системээр амжилттай зохион байгуулж байна. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийг ч мөн автоматжуулсан системээр зохион байгуулах болно. Мөн 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ саналыг авсан. Дээрх арга хэмжээнүүд нь олон улсын ажиглагчдаас өндөр үнэлгээ авсан. Цаашдаа өмнөх туршлагадаа тулгуурлан, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хамгаалах чиглэлд гол анхраалаа төвлөрүүлэн ажиллах болно” гэлээ.

25 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга М.Энхболд нар илтгээлт ирүүлснийг танилцуулав.

Монголын нэн шинэ үеийн түүхийн богино хугацаанд ардчиллын үнэт зүйл, хүний сонгох, сонгогдох эрхийг бататгахад СЕХ ихээхэн хувь нэмэр оруулсан. СЕХ-ны чадамж нэмэгдэх тусам Монгол Улсын ардчиллын үйл явцын үнэлэмж ч олон улсад эерэг хандлагатай болж байгааг Ерөнхийлөгч илгээлтдээ дурьдсан байна. Тэрбээр, “Сонгууль зохион байгуулах, дотоод болон гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдээсээ санал авах үйл явц олон улсын ажиглагчдын шүүлтүүрийг сааталгүй давдаг боллоо. Энэ бол Монголын СЕХ, тэнд ажиллаж буй олон зуун албан хаагчдын ажлын үр дүн юм” хэмээжээ.

Харин УИХ дарга илгээлтдээ, “Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших 25 жилийн хугацаанд иргэд төрийн эрх барих дээд байгууллагаа долоо, төрийн тэргүүнээ зургаан удаа сонгосон. Дээрх сонгуулиудыг хуулийн хүрээнд шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж ирсэн СЕХ-нд талархал илэрхийлье” хэмээгээд үе үеийн ажилтан, албан хаагчдад амжилт хүсчээ.

Бага хуралд СЕХ-ны үе үеийн удирдлагууд, гишүүд оролцлоо.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻