МҮХАҮТ-аас Сүхбаатарын талбайд хийх тайван жагсаалыг цуцалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-13 22:40:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Тус танхимын зүгээс татвар нэмж, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүй байхыг уриалсан 8 төрлийн заалт бүхий шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Тэд УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж, тохиролцоонд хүрсэн гэдгээ хэлэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав энэ тухайд, “Бид 8 төрлийн шаардлага хүргүүлсний тав нь төрийн менежменттэй холбоотой асуудал байсан. УИХ-ын даргын зүгээс энэ сарын 28-нд ОУВС-гийн хөтөлбөрт хамрах гэрээ хийсний дараа төрийн өмчит компаниудад аудит оруулна. Өөрөөр хэлбэл, ирэх 10 дугаар сарын 1-н гэхэд аудитын дүн гарч төрийн өмчит компаниудын менежмент тодорхой болно. Тэр үед татварын хуулиудыг багцаар нь өөрчлөх асуудал ярих байх гэсэн. Бид үүнийг харж байгаад болохгүй бол дахин шаардлага тавина” гэлээ.

МҮХАҮТ-аас өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхээр төлөвлөөд байсан ч үүнийгээ цуцалсан байна.  

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻