Хятадууд 2018 онд Өмнөд туйлд анхны нисэх онгоцны буудлаа барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-04-12 16:00:14

БЭЭЖИН. /TASS/. Хятад улс 2018 онд Өмнөд туйлд өөрийн анхны нисэх онгоцны буудлаа барьж эхлэхээр шийдвэрлэжээ. Уг нисэх онгоцны буудал нь бүх загварын нисэх онгоц хүлээн авах боломжтой байх аж. Энэ тухай Хятадын туйлын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал Сунь Бо мэдээллээ.

“Мэргэжилтнүүд “Жуншан” станцын дэргэд хөөрөх буух зурвас барих гурван километр урт газрыг судалж үзсэн хэмээн “Жинмин Жибао” сонин түүний хэлснийг иш татжээ. Сунь Бо-гийн ярьснаар “нисэх онгоцны буудал эхэндээ зөвхөн хөөрөх буух зурвастай байх” аж. Дараагийн үе шатанд нэмэлт хөөрөх буух зурвас барьж, нисэх онгоцны буудлын дэд бүтцийг өргөжүүлнэ. Нисэх онгоцны буудал барьснаар БНХАУ-ын эрдэмтдийн ажлын бүтээмжийг эрс дээшлүүлнэ гэж “China Daily” сонинд бичжээ.

Одоогийн байдлаар Хятадын эрдэмтэд шороон хөөрөх зурвас дээр болон тэгшхэн мөсөн дээр суух чадвартай “Сюэин 601” хөнгөн нисэх онгоцыг ашиглаж байгаа юм. Энэ нисэх онгоц нь туйлын хүнд нөхцөлд судалгаа шинжилгээ явуулах, Антарктидын хүрч очиход бэрх районуудад ачаа хүргэх, аврах, эрэн хайх ажиллагаа явуулах зориулалттай ажээ.

Хятадын эрдэмтэд 1984 оноос хойш Антарктид тивд судалгаа шинжилгээний ажил хийж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд тэдний үйл ажиллагаа эрс идэвхжсэн юм. Одоогийн байдлаар, Хятадын "Чанчэн", "Жуншань", "Куньлунь", "Тайшань" гэсэн дөрвөн станц Өмнөд туйлд ажиллаж байгаа бөгөөд удахгүй тавдахь станц нээгдэх гэж байгаа аж.  

О.Барс

 

 

相关新闻