Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгосноор 187.2 тэрбум төгрөг хэмнэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах арга зарим арга хэмжээний тухай” тогтоол өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.
Хүүхдийн мөнгийг одоогоор нийт өрхийн 60 хувьд олгож байгаа юм. Үлдсэн 40 хувьд 2019 оноос нөхөн олгохоор төлөвлөсөн. Эдийн засаг хүндрэлтэй байгаа тул ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн дагуу хүүхдийн мөнгөний хамрах хүрээг дахин нарийвчилж зорилтот бүлэгт олгох, хамрагдаагүй үлдсэн хүүхдүүдэд 2019 оноос нөхөн олгох шийдвэрийг цуцлахаар тогтоолд өөрчлөлт оруулж байгаа аж. Мөн хүүхдийн мөнгөнөөс гарах хэмнэлтийг 27 мянган өрхийн 150 мянга орчим хүнд хүргэдэг “Хүнсний талон” хэлбэрээр олгохоор төлөвлөөд байгаа юм.
Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголоор 2016 оны 7 дугаар сараас эхлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд буюу сард дунджаар 660 мянган хүүхдэд олгохоор төлөвлөсөн байна. Өнгөрсөн онд хүүхдийн мөнгөнд 218.8 тэрбум төгрөг олгожээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг зорилтот бүлэгт шилжүүлснээр 2018-2020 онд 187.2 тэрбум төгрөг хэмнэх аж.
Ийнхүү гишүүдийн санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэх болов.
Ч.Ариунболд