Өсвөрийн сагсанбөмбөгчид маргааш Берлин хотыг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр зохион байгуулдаг “International Eastercup Berlin-Moabit -2017” тэмцээнд манай эрэгтэй U14 нас, эмэгтэй U13 насны баг тамирчид оролцохоор маргааш эх орноосоо мордоно.
МҮСБХ өсвөрийн сагсан бөмбөгчдөө бага наснаас нь олон улсын тэмцээнд өрсөлдүүлж ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхээр зорин жил бүр хилийн чанадад тэмцээнд оролцуулдаг. Үүний үр дүнд гадаад харилцаа өргөжиж өсвөрийн баг, тамирчдад хилийн чанадаас ирэх урилга олширсоор байна.
Берлин хотыг зорих тамирчид нь УАШТ-ээс шалгарч өсвөрийн шигшээ багт багтан эх орныхоо нэрийн өмнөөс тоглох эрх авсан юм. Мөн өсвөрийн багачуудтай тулж ажилладаг дунд сургуулийн багш нарыг туршлагажуулж, чадварыг ахиулах бодлогыг холбооноос дөрвөн жилийн өмнөөс дэвшүүлэн ажиллах болжээ. Тиймээс ч өсвөрийн УАШТ-д баг, тамирчдаа амжилттай удирдан эхний гурван байрт шалгарсан багш нар тус шигшээ багийг удирдан Берлин хотыг зорино.
Тухайлбал, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар Д. Лхагваа /Ирээдүй цогцолбор/, Ж.Мөнхтөгс /1-р сургууль/, Г. Ундрах /Орчлон Клуб/ нарыг томилсон бол УАШТ-ий алтан медальт багш Д. Саранцэцэг /60-р сургууль/ эмэгтэй багаа удирдан оролцох юм.
Д.Өлзий