Жүдоч Г.Алтанбагана “Анталия Гран при-2017”-д тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 7-9-нд Туркийн Анталия хотод жүдо бөхийн ээлжит Гран при тэмцээн болж манай жүдочдоос 90 кг-д Г.Алтанбагана алтан медалийн эзэн болов.
“Анталия Гран при-2017” тэмцээнд манай улсаас 11 жүдоч хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн. Тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан нар хүрэл медаль тус тус хүртсэн.
Харин тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн хүрэл медаль хүртсэн. Ням гарагт эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана алтан медаль, эмэгтэйчүүдийн +78 кг-д Б.Мөнхтуяа хүрэл медаль тус тус хүртэв.
Ийнхүү Монголын баг 1 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаар 36 орноос тавдугаар байрт шалгарлаа.
Д.Өлзий