Боксын тамирчдаа аймгийн удирдлагууд ивээн тэтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-06 17:39:10

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” клубын тамирчид амжилт арвин байж, оролцсон тэмцээн бүрээсээ байнга медаль хүртэж байгаа юм.

Тухайлбал тус клубын тамирчид өнгөрсөн жил өсвөрийн улсын аваргаас багаараа алтан медаль, Азийн аваргын “а” зэрэглэлийн тэмцээнээс мөн хос алтан медаль хүртсэн юм. Тэгвэл энэ жил Өвөрхангай аймгийн Бат-Ширээт суманд зохиогдсон Монгол Улсын боксын спортын ууган гавъяат дасгалжуулагч Б.Олзод багшийн нэрэмжит “2017 оны өсвөрийн боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс багаараа мөнгөн медаль хүртээд иржээ. 03-р сарын 28-наас 04-р сарын 02-ны өдрүүдэд явагдаж өндөрлөсөн уг тэмцээнд нийт 33 багийн 259 тамирчид хурд хүчээ сорьсон байна. Энэхүү тэмцээнд Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” клуб 15 тамирчинтай оролцсож, 7 медаль авч, 2-р байрт шалгарч мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал 54 кг-д Н.Есүгэн, +63 кг-д Х.Буяндорж нар алт, 46 кг-д Д.Ариунжаргал, +57 кг-д Д.Бүрэнчимэг мөнгө, 44 кг-д Б.Тэнгис, 48 кг-д Ж.Номин-Эрдэнэ, 57 кг-д д.Номин нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. Энэ жилийн тэмцээн маш өрсөлдөөнтэй, жил рэх тутам тамирчдын чадвар нэмэгдэж байна гэж дасгалжуулагч багш спортын мастер Д.Ганхуяг хэллээ.

Олимпийн гараанд бэлтгэж буй ирээдүйн боксчдоо аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Б.Нарантуяа нар хүлээн авч уулзаж, цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүслээ. Дашрамд дуулгахад ирэх 6-р сард Ирланд улсад болох дэлхийн аваргын тэмцээнд “Улаан ирвэс”-үүд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Энэхүү тэмцээнийг аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн боксын холбооны тэргүүн Г.Бямбаа нар ивээн тэтгэж явуулахаа амлаад байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг

相关新闻