Дархан аварга Х.Баянмөнх Монгол бөхийн 3 боть ном туурвижээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-06 12:59:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын дархан аварга, Хөдөлмөрийн баатар, алдарт бөх Хорлоогийн Баянмөнх “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх гурван боть номыг бүтээн туурвижээ.

Энэхүү бүтээл нь Монголын үндэсний бөхийн хөгжилд болон судалгаанд том хөрөнгө оруулалт болж байгаа юм. “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх уг бүтээлийг худалдаанд цөөн хувиар гаргах бөгөөд бүх аймаг, сумдын бөхийн дэвжээгээр тарааж өгөх аж.

Харин энэ сарын 8-нд болох Ардчилсан намын 27 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны үеэр уг гурван боть сударын нээлтийг хийж Дархан аварга Х.Баянмөнх түрүү, үзүүр болон шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдэд 3 боть номоо өөрийн биеэр гардуулна. Тус 3 боть номын үнэ 360 мянган төгрөг юм. 

Х.Баянмөнх аваргын амжилтыг товч сонирхуулахад, Үндэсний Их баяр наадмын бөхийн барилдаанд 10 удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн алдарт Дархан аварга. Мөн чөлөөт бөхөөр барилдаж 1972 оны Мюнхен хотноо болсон зуны олимпоос мөнгөн медальт,  1975 онд Минскт дэлхийн аварга, 1971, 1974 оны ДАШТ-ээс тус тус мөнгөн медаль хүртсэн. Чөлөөт бөхийн Монгол Улсын 14 удаагийн аварга цол хүртсэн Монгол Улсын болон хуучин ЗХУ-ын гавьяат тамирчин, дэлхийн алдартай бөх билээ.

Д.Өлзий

相关新闻