“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн орлогч захирлуудыг томилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
orkhon@montsame.mn
2017-04-04 18:15:44
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ хуралдаж байна. Тус хурлаас гарсан эхний шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн танилцууллаа.

Дээрх хурлаар компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөнтэй холбогдуулан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж нэр бүхий хүмүүсийг оронд нь томилжээ. Тодруулбал, Үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн орлогчоор Д.Эрдэнэцогтыг томилжээ. Тэрээр Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 1982 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Баяжуулах фабрикийн даргын албыг хашиж байсан юм.

Мөн Ерөнхий захирлын Хөгжил, их барилгын асуудал хариуцсан орлогчоор П.Батболор томилогдсон байна. П.Батболор 1992 оноос хойш тус үйлдвэрт ажиллаж байна. Тэрээр уул уурхайн инженер мэргэжилтэй юм.

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Ерөнхий захирлын Эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан орлогчийн албанд Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч Д.Дэлгэрбаяр томилогджээ. Тэрээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгч бөгөөд өмнө нь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан юм.

Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр”-ийн тэргүүн дэд захирлын албыг хашиж байсан Б.Шинэбаатарыг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчийн албыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэдгийг ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн хэллээ. Б.Шинэбаатар нь  49 хувийн буюу "Монголын зэс" корпорацийн төлөөлөл. Түүнийг дээрх албанд үйлдвэрийн Ерөнхий захирал санал болгосон нь ТУЗ-ийн хурлаар дэмжигджээ. Яг одоо ТУЗ-ийн хурлаар Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻