ӨВӨРХАНГАЙ: Өдөрт 33 өрхтэй утсаар холбогдон мэдээлэл авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны завсрын тооллого улс даяар өрнөж байна. Тооллогыг аймагт зохион байгуулахтай холбоотойгоор гарч буй бэрхшээл, анхаарах асуудлын талаар Статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргал мэдээлэл өглөө.
Тооллогын мэдээлэл цуглуулах ажлыг гурван аргаар хийж байна. Арвайхээр суманд 70151212 утсаар өдөрт 33 өрхтэй холбогдож, мэдээлэл тодруулж байна. Нийт 6036 өрхтэй холбогдохоос одоогоор 2500 гаруй өрхийг хамруулжээ.
Хоёр дахь арга нь хувь хүн өөрөө Дан системээр орж, мэдээллээ үнэн зөв болгон баталгаажуулах юм. Өнөөдрийн байдлаар 5549 иргэн Дан системд нэвтэрч, мэдээллээ баталгаажуулсан бол энэ тоог 10 мянгад хүргэх шаардлагатай гэлээ. Гурав дахь нь багийн Засаг дарга нар нийт 17 мянган өрхийн мэдээллийг тодруулж авна.
Уг ажлыг зохион байгуулахад утсаа
авахгүй байх, уурлах, буруу мэдээлэл өгөх зэрэг асуудал гарч байгаа тул
байгууллагын дарга нарыг ажилтнуудаа бүрэн хамруулах, мэдээллээ үнэн зөв өгөхөд
хамтарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ.
Ulaanbaatar