“Нэг ертөнц” үзэсгэлэнд яруу найраг, уран бичлэг хослов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв, Төв аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж буй "Нэг ертөнц" сэдэвт Монголын нэрт яруу найрагчдын шүлэг бүтээлийн "Уран бичлэгийн үзэсгэлэн" үргэлжилж байна.
Уг үзэсгэлэнд их зохиолч Д.Нацагдорж, Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба, Төрийн шагналт Ч.Чимэд, Ч.Лхамсүрэн, нэрт яруу найрагч соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Ш.Сүрэнжав, Ш.Дулмаа, П.Бадарч, Д.Цоодол, Д.Нямсүрэн, О.Дашбалбар, СГЗ, Д.Нацагдоржийн шагналт Д.Банзрагч, Х.Чилаажав, Ц.Хулан тэргүүтэй 40-өөд яруу найрагч зохиолчийн нэн түгээмэл сэтгэл зүрхнээ эгшиглэнт сор бүтээлээс дээжлэн уран бичлэгээр олон нийтэд толилуулж буй юм.
Үзэсгэлэнд Ардын уран зохиолч П.Бадарч “Есөн эрдэнийн орон”, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Ш.Сүрэнжав “Би тэнгэрийн хүү”, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар “Амьддаа бие биеэ хайрла”, Ч.Лхамсүрэн “Маамуу нааш ир”, Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Цоодол “Миний муу сайн найз нар”, МЗЭ-ийн шагналт Ч.Чимэд “Би Монгол хүн”, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Банзрагч “Сүүдэр цармын цэцэг”, СГЗ, яруу найрагч Ай.Төмөр “Онгодын цагаан чоно” зэрэг шүлэг яруу найргийг "Бичиг соёл" төвийн уран бичээч Н.Баатарцог, Э.Анхбаяр, Т.Цолмон, Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Д.Ганбаатар, авьяаслаг сурагч Г.Оюунсүрэн Г.Солонго М.Жаргалмаа Н.Оюунхорол нар оюуны мэдрэмж авьяасын ураар бүтээсэн уран бичлэгийн сонирхолтой бүтээлүүдийг дэлгэжээ.
Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Д.Ганбаатар хэлэхдээ, “Уран бичлэг бол яруу найраг, зохиомж, зураг, монгол бичиг хосолсон урлаг. Манай төвд энэ жил нээсэн бийрийн бичлэгийн дугуйланд 70-аад хүүхэд суралцаж байна. Сүүлийн үед уран бичлэгээр бичиж сурах сонирхолтой хүүхдийн тоо өсч байгаа. Тиймээс цаашид хүүхэд залуусын яруу найраг, уран бичлэгийн талаарх мэдлэгийг сайжруулах, тэднийг хөгжүүлэх, яруу найрагт сонирхолтой болоход нь дэмжих зорилгоор энэ үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.
Тус үзэсгэлэнгээс бидний ухаант өвөг дээдсээс үеийн үед уламжлан ирсэн уран зохиол яруу найраг, эх хэл, өв соёл, уран бичлэгийн гайхамшгийг үзэх боломжтой.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал