Сурагчид амралтаараа морин дээл дээр эд хаваа гайхуулсан тоглолт үзэх боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний циркийн уран бүтээлчид сурагчдын амралтад зориулан “Морьтны гайхамшиг” тоглолтоо толилуулахад бэлэн болжээ.
Энэ удаа циркийн алтан манежнаа 11 жилийн дараа тус тоглолтыг дахин тоглох гэж буйгаараа онцлогтой.
Морьдыг доод тал нь зургаан сар, жүжигчдийг нь хоёр жил бэлтгэж тоглодгоороо тус үзүүлбэр цаг хугацаа шаардсан хүнд хэцүүд тооцогддог. Морьтны үзүүлбэрээс гадна уран нугаралт, агаарын номер, илбийн үзүүлбэр, дудартай акробат, олс, ташуур, жонглерийн үзүүлбэр, хэрчимт тэнцвэр, шоо, галын шоу болон хөгжөөн баясгах алиалагч нар ч тоглолтод оролцохоор бэлтгэлээ базаажээ.
Тоглолтын тасалбар 10000, 15000 төгрөгийн үнэтэй бөгөөд Мобикомын 99 Candy болон Юнителийн 100 GG-ээр 50 хувь хөнгөлөлттэй үзэх боломжийг үзэгчиддээ олгож байгаа юм.
Тоглолт ирэх сарын 1, 2-нд 14.30 цагт, 3, 4, 5-нд 18.30 цагт тус тус болно.
Ж.Болор