Дэлхийн хамгийн хурдан онгоцоор Лос-Анжелесаас Сидней рүү 6 цаг ниснэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНДЕНВЕР. /Futurism/. “XB-1” загварын онгоц нь анхны бие дааж бүтээсэн дуунаас хурдан онгоц болох бөгөөд дэлхий дээрх хамгийн хурдан иргэний агаарын тээврийн хэрэгсэл болох юм.
Одоогоор Лос-Анжелес хотоос Сидней рүү зогсолтгүй нисэх хамгийн хурдан нислэг 15 цаг үргэлжилж байна. Харин “Boom Supersonic” компанийн “XB-1” онгоцоор энэ замыг 6 цаг гаруйхан туулах боломжтой болно. Уг онгоц нь дэлхийн хамгийн хурдан бөгөөд өндөрт нисдэг тийрэлтэт хөдөлгүүрт онгоц юм. Дэлхий даяарх 500 орчим чиглэлд нисэх уг онгоц агаарт хөөрсөн л бол тухайн өдөртөө амжин эргэж ирнэ.
“Boom” компани “Virgin Galactic” компанийн “The Spaceship Company” группээс 33 сая долларын санхүүжилт авч тус компанийн цуглуулсан нийт мөнгө 41 сая долларт болсноор онгоцыг барьж дуусгаад, туршилт хийхэд хүрэлцэхүйц хэмжээний мөнгөтэй болжээ.
Онгоцыг бүтээхэд нийтдээ 329 сая доллар зарцуулсан тул “Boom” компани үнэтэй тасалбараар зардлаа нөхөхөөр төлөвлөж байна. 45 суудалтай энэ онгоцны тасалбарын үнэ 6600 орчим доллар байх аж. 2020 он гэхэд Сан-Францискогоос Токио руу 5 цаг, Нью-Йоркоос Лондон руу 3 цаг 15 минут нисэх боломжийг бидэнд олгох тул уг онгоцны 45 суудал хоромхон зуур дүүрэх биз ээ.
“Boom” компанийн мэдээлснээр, “XB-1” онгоц нь цагт 2335 км-ийн хурдтайгаар буюу Конкорд онгоцноос 10 хувиар хурдан нисэх ажээ. Үүнээс гадна “XB-1” нь Конкордоос илүү өндөрт буюу 18288 м-ийн өндөрт ниснэ. Уг онгоц нэг суудал бүхий хоёр эгнээтэй учир зорчигч бүр цонхон талд суух боломжтой.
Б.Мишээл