Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНБЭЭЖИН. /TASS/. Хятад улсад зохион бүтээсэн, одоогоор дэлхий дээр хамгийн томд тооцогдож буй усан дээр буугч AG600 нисэх онгоцны анхны туршилтын нислэгийг 5 дугаар сард хийхээр төлөвлөжээ. Энэ тухай Хятадын олон улсын радио мэдээллээ.
Түүний мэдээгээр, анхны нислэгийг газар дээр хийсний дараагаар энэ оны хоёрдугаар хагаст AG600-г усан дээр турших ажээ. Ерөнхий зохион бүтээгчийн орлогч Ван Жэнлуны ярьснаар, зохион бүтээгчид уг онгоцны цахилгаан хангамжийн бүхээгний системийн бие даасан байдлын туршилтыг хийжээ. “Мөн бид удирдлага, гидрийн системийн туршилтыг хийж дуусгаад байна” хэмээн тэрбээр хэллээ.
“Энэ сарын сүүлчээр бид резонансын туршилтыг эхлэх ба уг туршилт 20 хоног үргэлжилнэ. Үүний дараа яг хэзээ нислэг үйлдэх вэ гэдэг нь нисгэгчдийг аль хэр хурдан бэлтгэхээс хамаарна ” гэж Ван Жэнлун ярьж байна.
Хятадын нисэх онгоц үйлдвэрийн корпорацийн бүтээсэн AG600 гидр нисэх онгоц нь иргэний агаарын тээврийн хэрэгцээнд зориулагджээ. Түүнийг ойн түймэр, аврах ажиллагаа явуулахад ашиглах боломжтой. Гэхдээ уг нисэх онгоцыг Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргийн нисэх хүчин эргүүл хийхдээ ашиглаж магадгүй гэсэн мэдээлэл бий.
AG600-ийн хөөрөлтийн дээд жин нь 53,5 тонн. Уг нисэх онгоц 500км/цаг хүртэл хурдалж, буулгүйгээр 4,5 мянган км зайг туулах чадвартай. Буулгүйгээр 12 цаг нисч чадах ба далавчны далайц нь 38,8 м, ердийн нисэх онгоцны буудал болон усан дээр буудаг байна. AG600 нь 20 секундэд 12 тонн хүртэл усыг соруулж чадах ба нийтдээ 370 тонн хүртэл хэмжээний усыг нэг удаад тээвэрлэх хүчин чадалтай ажээ.
АG600 нь зорчигч тээврийн, ачааны гэсэн ангилалтай ба одоогийн байдлаар түүнийг худалдаж авахаар 17 захиалга ирээд байна.
О.Барс